Д.Цогтбаатар: Ерөнхийлөгчийн айлчлалаар олон гэрээ, хэлэлцээр байгуулна

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-04-03 11:35:54


Бээжин /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас энэ удаагийн айлчлалын талаар тодрууллаа. Тэрээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 3-р сарын 31-нээс 4-р сарын 2-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ.

Тэрээр айлчлалын талаар хэлэхдээ, “Энэ удаагийн айлчлал амжилттай сайхан боллоо. Айлчлалын дүнг бодит ажил болгож, хэрэгжүүлэхэд хоёр талын холбогдох байгууллагууд, салбарын яамдууд зэрэг шат шатны байгууллага идэвхтэй, үр дүнтэй ажиллах ёстой. 2018 он хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд их амжилттай жил байсан. 2019 онд тэгш ой тохиож байна. Тухайлбал, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70-н жилийн ой, найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 25-н жилийн ой тохиож байна. Худалдаа, эдийн засгийн харилцаагаа 2018 оноос буулгахгүй, тэр амжилтаа бататгаж, улам бүр ахиулж энэ оныг тэмдэглэхийг зорьж байна. Хоёр улсын иргэд илүү үр ашигтай хамтран ажиллаж, худалдаа бизнесийн хамтын ажиллагаа өрнүүлж, төслүүдээ хэрэгжүүлэх юм бол хамгийн сайн тэмдэглэж байгаа хэрэг болно. Энэ нь нэн чухал юм. Найрсаг, харилцаа хамтын ажиллагааны үр дүн хоёр орны иргэдийн амьдралд үр ашгаа өгч, амьдралд нь тусаж байвал бид ойн жилээ хамгийн сайн тэмдэглэж байгаа нь энэ. Мэдээж хэрэг үүний зэрэгцээ албан ёсны ажлууд байгаа.

Энэ айлчлалын хүрээнд, хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан, зургийн үзэсгэлэн гаргаж байна. Энэ бол бас нэг томоохон ажлын нэг. Мөн "Дипломат харилцааны дурсамжууд" гэх сайхан ном хоёр хэлээр гаргаж байна. Гэхдээ гол үр дүн бол худалдаа, эдийн засгийн харилцаа ахиж байж, иргэдийн амьдралд хүрч байж гарах юм.

Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэлийг хангаж байна. Энэ бол хоёр орны төрийн тэргүүн нарын түвшинд хийх айлчлал. Энэхүү айлчлалын үеэр, маш олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах гэж байна. Тухайлбал, томоохон бүтээн байгуулалтын ажлууд, худалдаа эдийн засгийн хөтөлбөр гэрээнүүдэд гарын үсэг зурна. Хөрөнгө оруулалтын гэрээнүүд яригдана. Энэ бүгд хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтын харилцаа, иргэд солилцооны харилцаанд эерэг нөлөө үзүүлэх чухал гэрээнүүд юм. Эдгээр ажлын бэлтгэлийг хангаж байна.

Энэ удаагийн миний хийж буй айлчлалаар ярилцсан бас нэгэн чухал асуудал бол, хилийн боомтуудын хүнд суртлыг багасгаж, илүү чөлөөтэй болгоход хамтарч ажиллая, ажлын цагийг нь сунгая гэдэг саналыг тавилаа. Үүнийг Хятадын тал нааштай хүлээж авч байна. Энэ асуудал дээр тодорхой ахиц гарах ёстой гэж бид бодож байгаа. Яагаад гэвэл, манай улс БНХАУ-тай 4000 гаруй км газар нутгаар хиллэж байна. Энэ нь БНХАУ хөрш улс орнуудтайгаа хиллэдэг газар нутгаас хамгийн урт нь болдог. Энэ урт, энх тайвны хил бол хамтын ажиллагааны хил байх ёстой. Үүнийг дагаад ард иргэд маань худалдаа, үйл ажиллагаагаа өрнүүлж байх ёстой. Энэ асуудлыг шийдвэрлэхэд тус дэм болох дүрэм журмуудаа гаргах ёстой. Энэ асуудал дээр нэлээд тогтож ярилаа. Жишээлбэл, Замын-Үүдэд зөвхөн УАЗ 469, гуравдагч орны тээврийн хэрэгсэл гаргахгүй гэсэн зохицуулалтыг өөрчилж, орчин үеийн болгоё гэж ярилаа. Тодорхой үр дүн гарна гэж би итгэж байна” гэлээ.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ