Сэтгүүлчдийн байгууллага үйлдвэрчинтэй хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-06 17:21:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн хүрээнд өнөөдөр “Сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалья” хэлэлцүүлэг боллоо.

МСНЭ, МҮЭ-үүдийн холбоо хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгийг сэтгүүлчдийн байгууллагын тэргүүн Х.Мандахбаяр нээж хэлэхдээ, “МСНЭ сэтгүүлчдийнхээ мэргэжлийн эрхийг хамгаалахаас гадна мөн хөдөлмөрлөх эрхээ хангах үүднээс эвлэлдэн нэгдэхийг дэмжиж ажиллана. Энэ талын эрх зүйг боловсронгуй болгох зэргээр бүхий л талаар туслаж ажиллана” гэдгийг онцлов. Тэрээр, “Сэтгүүлчдийн хөдөлмөрийн эрх ашгийг өөр хэн ч биш, сэтгүүлч бид л өөрсдөө, сайн дураар хамгаална. Энэ зорилгоор өмнө нь манай салбарт ҮЭ байгуулахыг оролдож байсан ч өнөөдрийг хүртэл жинхнээр ажиллаагүй”-г хэлээд “Хууль эрхзүйн хүрээнд эвлэлдэн нэгдэх чухал" байгааг хэлэв.


МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Иргэд хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө эвлэлдэн нэгдэх нь тэдний язгуур эрх ашиг юм. Сэтгүүлчид нийгмийн сайн сайхны төлөө явж дуу хоолой нь болж, ҮЭ-ийн байгууллагын туслагч байдаг хэр нь өөрсдийнхөө эрхийг хамгаалж, хамгаалуулж чадахгүй байна. Энэ тал дээр МСНЭ-ээс бидэнтэй хамтарч ажиллах санал тавьсныг МҮЭХ хүлээн авч байна".



гэдгээ илэрхийлсэн юм.


Тэрбээр, өнөөдөр улсын хэмжээнд ажиллагчдын цалингийн дундаж хэмжээ 900 мянган төгрөг даваад байхад сэтгүүлчид 600 мянга хүрэхгүй төгрөгийн цалин авч буй хэмээн хөдөлмөрийн эрхийн нэг асуудлыг хөндөж байв. Хэлэлцүүлгээр МҮЭХ-ны Сургалт, судалгааны төвийн захирал М.Ганаа ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж, “Үйлдвэрчний байгуулагын мэдлэгийн үндэс” сэдвээр мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлэгт оролцсон сэтгүүлчид тэдний үндсэн эрхийг хөндсөн, цаг үеэ олсон уулзалт болж буйг онцолж байв. Төгсгөлд нь МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Мэргэжлийн байгууллага болон ҮЭ хамтарч ажиллах чиглэлийг оновчтой тодорхойлсноор сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах нөхцөл боломжийг бий болгоно. Энэ асуудал өнөөдөр бидэнд чухал байна” гэв.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ