"Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо" сэдэвт сарын аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-23 16:44:30

Өвөрхангай /МОНЦАМЭ/. "Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо" сэдэвт сарын аяныг МХЕГ-аас улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ оны 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх тус аянаар Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний баталгаат байдлыг сайжруулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд хүнсний худалдаа эрхлэгчдэд мэдлэг, мэдээлэл олгох зорилго бүхий “Хүнсний бүтээгдэхүүний шошгололт, хадгалалтын горим”, “Хүнсний худалдааны газруудад дотоод хяналтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт салбарын сургалтыг зохион байгуулж, лабораторийн үйл ажиллагаатай танилцууллаа.

Мөн хүнс, хүүхдийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж, туршлага солилцон тулгамдсан асуудлаа хэлэлцсэн бөгөөд Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа мах боловсруулах үйлдвэрт хамтарсан шалгалт хийж, махнаас дээж авч аймгийн мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ.

Аяны хүрээнд МХЕГ-аас нийлүүлж байгаа малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх есөн төрлийн вакциныг зориулалтын тээврийн хэрэгслээр татан авч, вакцины тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалт болон тарилгын явцад хүйтэн хэлхээний нөхцөл хангагдаж байгаа эсэхэд тухай бүр хяналт хийж ажиллаж байна.

Б.Батчимэг



Холбоотой мэдээ