Обама Ираны цөмийн гэрээг хамгаалж чадлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-11 14:30:21

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ирантай байгуулсан цөмийн гэрээг Конгресс дахь сөрөг хүчнийхнээс хамгаалж чадлаа.

Бүгд найрамдах намын гаргасан цөмийн гэрээг эсэргүүцэх тогтоолыг батлах санал хураалт өчигдөр Сенатын танхимд болжээ. Тогтоолыг хэлэлцүүлгийн дараагийн шатанд илгээхийн тулд Сенатын танхимаас 60 хүний санал авах ёстой байсан боловч хоёр санал дутжээ. Ингэснээр тогтоол батлагдах боломжгүй болсон байна.

Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлаж, хариуд нь тус улсад авсан олон улсын хориг арга хэмжээг цуцлах гэрээг Иран болон “5+1” бүлэг долдугаар сард байгуулсан билээ.

Конгрессын хоёр танхимд олонх болох Бүгд найрамдах намын гишүүд, Иранд дэндүү их буулт хийсэн байна гэж гэрээг эсэргүүцжээ.

Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлсэн гэрээг хэрэгжүүлэх боломжийг АНУ болон түүний түнш орнуудад олгосон түүхэн алхам боллоо гэж Сенатын танхимын саналыг Обама сайшаасан байна. Мөн тэрбээр, энэ санал хураалт АНУ-ын үндэсний аюулгүй байдал болоод дэлхийн аюулгүй байдлын төлөөх дипломат ажиллагааны ялалт боллоо гэж мэдэгдэв.

Гэрээг хэрэгжүүлэх ажилд АНУ түнш орнуудынхаа хамт ханцуй шамлан орно гэж Обама амлажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд