Герман: ЕХ-ны тогтоосон квот хангалтгүй байна

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-09-11 14:08:05

БЕРЛИН. /ВВС/. Орогнол хүсэгч 160 мянган хүнийг хүлээн авна гэж ЕХ-ны гишүүн орнууд төлөвлөсөн нь дүрвэгсдийн хямралыг зохицуулах эхний алхам юм гэж Германы дэд Канцлер Зигмар Габриэль мэдэгдэв.

Зигмар Габриэль мэдэгдсэнээр, энэ жил Германд 450 мянган дүрвэгч ирсний 37 мянга нь энэ сарын эхний найм хоногт ирсэн байна.

Сирийн голдуу хэдэн арван мянган дүрвэгч сүүлийн хэдэн долоон хоногт Европыг зорьжээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5000 цагаач Унгарын хил дээр ирсэн байна гэж Сербийн телевиз мэдээлэв. Дүрвэгсдийн урсгалыг зогсоож, хилээ хамгаалах зорилгоор Унгарын арми цэргийн ажиллагаа явуулсныг хүний эрхийн байгууллагууд буруушаасан билээ.

Үүний зэрэгцээ, сүүлийн хэдэн цагийн дотор Унгараас 5700 хүн хил даван орж ирлээ гэж Австрийн Засгийн газар мэдэгдэв. Унгараас ирэх дүрвэгсдийн тоо нэмэгдэж, ачааллаа дийлэхгүй байхаас сэргийлж Австрийн үндэсний галт тэрэгний оператор Унгараас ирэх чиглэлийн галт тэрэгний үйлчилгээг түр хугацаагаар зогсоосон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд