Малын гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зөвлөмж гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-07-26 14:47:47
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Хархорин, Архангай аймгийн Хотонт, Өгийнуур, Хашаат, Өлзийт, Цэнхэр, Батцэнгэл, Төвшрүүлэх суманд шүлхий өвчин гарсан. Шүлхийн халдвар өвчтэй, халдвартай мал амьтнаас шүлхийд мэдрэг мал амьтанд шууд хавьтлын замаар халдахаас гадна голомт бүхий бүс нутгаар дамжин өнгөрсөн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, бэлчээр, ус, өвс, араатан амьтан, хүнээр дамжин халдварладаг. Үүнтэй холбогдуулан Дархан сумын Засаг Даргын Тамгын газраас малын гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зөвлөмж гаргалаа.
 
Шүлхийгээр өвчилсөн нас гүйцсэн малын үхэл хорогдол бага, харин нялх төл болон ядарч доройтсон мал, амьтан олноор үхэж хорогддог тул урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мал бүхий аж ахуй нэгж, иргэн, малчдад зөвлөмж хүргэж байна.
Үүнд:
1.Дээр дурдсан аймаг, сумдын нутагт зорчихгүй байх, зорчсон тохиолдолд халдваргүйжүүлэлт хийгдэж буй постуудаар дайрч гарах, эрсдэлтэй бүс нутгаас амьд мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх 
2. Мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрвэл харьяа багийн хувийн мал эмнэлэг болон сумын мал эмнэлэг, үржлийн тасагт яаралтай мэдэгдэх
3. Малын хашаа хороогоо цэвэрлэн, малын сэг зэмийг тогтмол булж устгах
4. Халдваргүйжүүлэлтийг харъяа мал эмнэлгийн байгууллагаар гүйцэтгүүлэх 
5. Мал сүргээ өөр аймаг, сумын нутагт оторлосон тохиолдолд нутгаас гарсан, буцаж ирж байгаа талаараа 7 хоногийн өмнө баг болон суманд мэдэгдэж, хүн малын хөдөлгөөн багатай газар малаа ариутгал, халдваргүйтгэлд заавал хамруулж, 30-аас доошгүй хоног байлгаж эрүүл гэсэн шинжилгээний дүгнэлт гарсны дараа өвөлжөө, хаваржаа, намаржаа, зусландаа бууж байхыг Дархан сумын Засаг Даргын Тамгын газраас
анхаарууллаа.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ