М.Энхболд: Шаардлага гарвал Ээлжит бус чуулганыг хэзээ ч хуралдуулж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-29 10:31:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2018 оны Хаврын чуулганы отгон хуралдаан эхэлж, хэлэлцэх асуудлуудаа баталлаа.

Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тус бүлгийн авсан завсарлагааны хугацаа дуусгавар болсныг мэдэгдэв. Улмаар отгон хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцуулж, гишүүд горимын санал хэллээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын нэр бүхий гишүүд "60 тэрбум"-ын асуудлаар нээлттэй сонсгол явуулж, маргааныг таслах зайлшгүй хэрэгтэй талаар УИХ-ын дарга санал хүргүүлсэн. Энэ саналдаа хаврын чуулган завсарлаж байгаатай холбоотой ээлжит бус чуулган зарлаж хэлэлцүүлэхээр тусгажээ. УИХ-ын дарга ямар байр суурьтай байна вэ? гэсэн асуултад УИХ-ын дарга М.Энхболд "Нэр бүхий 19 гишүүн "60 тэрбум" гэх хууль хяналт шалгаад хэрэгсэхгүй болгосон асуудлаар Нээлттэй сонсгол хийх хүсэлт ирүүлсэн. Нээлттэй сонсголын хуулиар байнгын хороо сонсголыг зохион байгуулдаг. Тиймээс би бичгийг авсан даруйдаа Хууль зүйн байнгын хорооны даргад цохоод явуулсан. Өнөөдөр Хаврын чуулган хааж байгаа ч байнгын хороо цааш үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явах боломжтой. Тиймээс Дэгийн хуульд заасан хэм хэмжээнийхээ хүрээнд Нээлттэй сонсголыг зохион байгуулах байх" гэлээ. 

Тэрбээр мөн гишүүдийн асуултад багцлан хариулахдаа "Татварын багц хуулиар ажлын хэсэг гарсан. 10 сар хүртэл ажиллаж, ААНОАТ-ын хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэн Намрын чуулганаар оруулж ирэх байх. Эрүү, Зөрчлийн хуулийг их нухацтай хэлэлцэх шаардлагатай учир Намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. Шаардлагатай асуудал гарвал Ээлжит бус чуулганыг хэзээ ч хуралдуулж болно" хэмээлээ.

Мөн "Эрдэнэт"-ийн асуудалтай холбоотой Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Я.Санжмятав гишүүдэд мэдээлэл өгөхдөө ""Эрдэнэт" үйлдвэрийг барьцаанд тавьж Стандарт банкнаас зээл авсан асуудлаар таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Стандарт банкнаас авсан зээл 12 жилийн хугацаатай, их ужиг юм билээ. УМБГ, АТГ хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хүнийг гэм буруутайд тооцож, мэдээллийг ил гаргаж болохгүй. Энэ асуудалд хурдан, хуумгай хандаж болохгүй. Хоёрдугаарт энэ бол олон улсын харилцааны асуудал. Английн банкнаас авсан 51 сая ам.долларыг Монгол Улс төлнө. Одоо долдугаар сарын 6-нд Арбитрын шүүх хурал Англид болно. Үүнээс өмнө аж ахуйн нэгж хоорондын маргааныг Арбитр хэлэлцээд шийдсэн. Одоо болох хуралд төрийн мониторинг хийлгэхээр хүмүүс бэлтгэж байна. Энэ хурлын дараа Засгийн газар шуурхай ажиллаж, дипломат харилцааны байгууллагаар дамжуулан холбогдох мэдээллүүдийг зөв талаас нь өгөх юм бол төлөх төлбөрийг бууруулах боломжтой байгаа. Ажлын хэсэг энэ зундаа ажиллаж, ээлжит бус чуулганд оруулах боломжтой гэж харж байна" хэмээв.
 
"Оюу толгой" ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гишүүдэд мэдээлэл өгөхдөө " Оюу толгойн ажлын хэсэг дөрөвдүгээр сараас хойш хоёр сарын хугацаанд шалгаж, ажилласан. Ажлын хэсэг зургадугаар сарын 23-ны өдөр ажлаа дуусгах байсан. Ажлын хэсэгт Төрийн бус байгууллага, нам эвсэл, эрдэмтдийн төлөөлөл оруулсан өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, дүгнэлтээ нэгтгэсэн. Засгийн газраас нууцын зэрэглэлтэй ажлын тайлан өгөх ёстой, Аудитын ерөнхий газар, АТГ-ын шалгалтын тайлан зэргийг хүлээж байна. Ажлын хэсгийн дүгнэлт ерөнхийдөө бэлэн болсон. Ерөнхий дүгнэлтийг ээлжит бус хуралдаан зарлахаар бол танилцуулахад бэлэн" гэлээ.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "УИХ-ын даргаас 19 гишүүний гарын үсэгтэй Нийтийн сонсгол зохион байгуулах бичиг авсан. 2017 оны аравдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс "60 тэрбумтай" холбоотойгоор нээлттэй сонсгол хийх санал ирүүлсэн. Үүний дагуу Улсын Ерөнхий прокурорын саналын дагуу хариу ирсэн. Тус бичигт тухайлсан шалгаж байгаа хэргийн талаар нийтийн сонсгол явуулах эрх зүйн үндэслэл байхгүй учраас боломжгүй гэсэн. Ерөнхийлөгч мөн хариуг нь өгсөн. Гэтэл УИХ-ын 19 гишүүн дахин хандсан. Ерөнхийлөгчид нь болохгүй гэж хэлээд 19 гишүүнд болно гэж хэлж болохгүй. Ийм хүнд байдалд байна. Байнгын хорооны хуралдаанаар ямар ч гэсэн ярина" гэлээ.

Ингээд хэлэлцэх асуудлыг баталж, чуулганы хуралдааныг эхлүүлээд байна. 

Н.Гантуяа


 
 
Холбоотой мэдээ