Намрын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ

Монголын мэдээ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-27 15:59:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2, УNH дахь намын бүлэг, Байнгын хороодоос 64, Засгийн газраас 104, нийтдээ 172 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа хуулиар хэлэлцэхийг нь тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдийг нэр зааж тусгах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байх зарчим баримталсан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчдаас өргөн мэдүүлбэл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг УИХ-ын даргад зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнээ Байнгын хорооны дарга хэллээ.

Тогтоолын төсөлд дурдсанаар УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганаар:

1.    Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,
2.    Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,
3.    Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,
4.  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл,
5.    Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
6.    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
7.    Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
8.    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
9.    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
11. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
12. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
13. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
14. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл,
15. Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл,
16. Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр тусгасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Мөн тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Жижиг, дунд, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслүүдийг, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн Н.Энхболд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудалд нэмж тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Мөн УИХ-ын дарга М.Энхболд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ирэх чуулганаар хэлэлцэх санал гаргав. Тэрбээр “Хоёр парламент дамжин хэлэлцэж, баталсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудыг эргэж харах, өөрчлөх шаардлага бий. УИХ-ын удирдлагууд болон холбогдох Байнгын хороодод иргэд, төрийн бус байгууллагуудаас энэ тухай хүсэлт, саналаа ирүүлсэн байгаа. Тэдгээр санал, хүсэлтэд үндэслэн УИХ-аас ажлын хэсэг байгуулан ажиллуулж, төслүүдийн эхний хувилбарыг боловсруулаад байгаа юм. Түүнчлэн холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтээс дээрх хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар санал авч, төсөлд нэгтгэн тусгах ажил үргэлжилж байна. Засгийн газар, Хууль зүйн байнгын хороо, УИХ дахь АН-ын бүлгээс намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар ирүүлсэн жагсаалтуудад ч дурдагдсан байна. Энэ хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар дагаж нэлээд олон хуульд зохицуулалт хийгдэх нь лавтай. УИХ үүнд анхаарал хандуулан, 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд дээрх хуулиудыг өөрчлөх, нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх нь зүйтэй. Иймд 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгаж өгнө үү” гэлээ.

Улмаар уг саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хүлээн авч, УИХ-ын тогтоолын төсөлд тусгах болов. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ