Дарханчууд найман төрлийн 3000 орчим мод, бут шинээр тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-16 13:41:12
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав,  аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" хэмээн зарласан. Мод тарих Үндэсний өдрөөр Дархан хотынхон нийтдээ 800 орчим иргэн өнгөрсөн жилийнхээ тарьсан мод бутнаас ургаагүй, нутагшиж чадаагүй газартаа 8 төрлийн 3000 орчим мод бутыг шинээр тарьсан байна. Энэ жил аймгийн ИТХ-ын дарга, Төлөөлөгчид, аймгийн Засаг дарга нар ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай хамтран шинээр 3 төрлийн 480 мод бутыг суулгажээ.

Үндэсний өдрийн хүрээнд  2017 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар “Нэг иргэн нэг мод” аяныг өрнүүлсэн. Тус аянд төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллага нэгдэн Дархан сумын 8 дугаар багийн 2,7 га талбайд 9400 гаруй мод тарьжээ. Нийт тарьсан модны 80 хувь нь сайн ургасан учраас үлдсэн 20 хувь буюу нутагшиж чадаагүй, дутуу таригдсан модыг нөхөн тарих ажлыг энэ жил мод тарих үндэсний өдрөөрөө зохион явууллаа.

Түүнчлэн өнгөрсөн жил таригдсан мод бутныхаа суваг шуудуу, тогоог цэвэрлэж, арчилгаа усалгааг хийсэн байна. Тус багийн нутагт 3,5 метр өргөнтэй, 200 метрийн урттай, 0,05 мм өргөнтэй замыг “Дархан Азза” ТӨХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн бүтээн байгуулалтыг дэмжин өөрсдийн хөрөнгөөр хийж өгөхөөр болжээ. Түүнчлэн энэхүү зураглалын дагуу иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлж, зугаалах боломжийг нэмэгдүүлсэн явган хүний зам, тохижилтын ажлыг хийх юм.
Дарханчууд мод тариад орхих биш харин ургалтын явц, цаашлаад тохижилтын ажлыг өөрсдийн нөөц бололцоондоо түшиглэн хийж эхэллээ.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ