ЕСБХБ Хаан банканд 70 сая долларын зээл олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-30 18:00:43

ЛОНДОН. /Ebrd/. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/ Хаан банканд 70 сая долларын зээл олгожээ.

Жижиг, дунд үйлдвэр болон тэдний сүлжээ, эрчим хүчний үр шимийг сайжруулахад чиглэсэн эрчим хүчний тогтвортой төслүүд, Хаан банкны харилцагчдад урт хугацааны санхүүжилт авахад дэмжлэг үзүүлдэг эрсдэл хуваалцах үйлчилгээ, экспорт болон импортын үйл ажиллагаа явуулахад нь компаниудад туслах худалдааны санхүүжилтийн үйлчилгээ бий болгоход ЕСБХБ-ны тусламжийн багцыг ашиглах ажээ.

Монголын эрчим хүчний салбарыг тогтвортой санхүүжүүлэх үйлчилгээ буюу тусгай санхүүжилтийн тогтолцооны хүрээнд тус зээлийн 10 сая долларыг эрчим хүчний тогтвортой төслийг санхүүжүүлэхэд зарцуулна. ЕСБХБ ийм үйлчилгээг дэлхийн олон оронд явуулдаг бөгөөд энэ нь ногоон эдийн засагт шилжих тус банкны үйл ажиллагааны нэг хэсэг юм.
Олон хандивлагчтай ЕСБХБ-ны Хувьцаа эзэмшигчдийн тусгай сангийн санхүүжилттэй тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн хүрээнд ЕСБХБ нь техникийн хамтын ажиллагааны үйлчилгээ мөн үзүүлдэг байна.

Монгол даяар нийт 500 орчим салбартай Хаан банк нь тус улс дахь хамгийн том арилжааны банкуудын нэг юм. Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като болон ЕСБХБ-ны Монгол дахь салбарын тэргүүн Матье Ле Блан зээлийн гэрээнд гарын үсэг зуржээ.

ЕСБХБ-ны Монголд явуулж буй үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудын нэг бол жижиг, дунд үйлдвэрийг дэмжих юм. Тус банк санхүүжилт олгохоос гадна жижиг бизнесийг дэмжих хөтөлбөрөөрөө дамжуулан мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгөх, мэдлэг олгох үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ