Үзэмчин ястны цай уух ёслолыг аялал жуулчлалын брэнд болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-03-26 17:10:03
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймагт халх, буриад, барга, үзэмчин ястан голлон амьдардаг. Тус аймгийн хувьд эдгээр ястан угсаатны өвөрмөц соёл, зан заншлыг аялал жуулчлалын брэнд болгох зорилт тавьж үзэмчин ястны жилийн цай уух ёслолыг уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

Үзэмчин ястан голлон амьдардаг Сэргэлэн суманд энэ жилийн цай уух ёслол боллоо. Уг ёслолыг Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж, жил бүр уламжлал болгохоор төлөвлөсөн.
Үзэмчин ястнууд жилийн цай уух ёслолыг жилдээ нэг удаа хаврын улиралд зохион байгуулдаг байжээ. Цай уух ёслол үйлдэхдээ архи дарс огт хэрэглэхгүй бөгөөд айл хотоороо цуглан ахас ихэсээ хүндэтгэн цайлж, жилийн өнгө, ажил төрлөө хүүрнэдэг байна. Үзэмчин түмний жилийн цай уух ёслолын гол идээ нь царцаамаг будаа юм. Энэ нь гурил шиг болтол нь тээрэмдсэн шар будааг шар тос, гурил, элсэн чихэр, үзэмтэй хольж багсран хэвэнд оруулсан нэгэн төрлийн өвөрмөц амттан ажээ. Уг царцаамаг будаагаа ааруул, ээзгий, цагаан тос, боорцогны хамт цайнд хийж уудаг байна. Энэ уламжлал идээ будаагаа хойч үедээ таниулах, хийж сургах, зочид гийчид, ахмад настнаа хүндлэн дайлах ёсонд сургахад уг ёслол ихээхэн ач холбогдолтой.

Д.Дэлгэрмаа
 
Холбоотой мэдээ