Хөх нуурын экосистемийг сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-03-21 22:33:25
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БОАЖГ-аас энэ онд төлөвлөсөн томоохон ажлын нэг нь Хөх нуурын экосистемийг сэргээх юм. Монгол орны хамгийн нам дор цэг гэгддэг Хөх нуурын хотгорт Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн “Хүрэн баавгай” судалгааны баг энэ оны тавдугаар сараас эхлэн судалгаа хийжээ.
Энэ онд тус аймгийн БОАЖГ-аас 543 сая төгрөгийн санхүүжилтээр 14 төрлийн ажил хийхээр төлөвлөсний томоохноос нь дурдвал, голын эрэг орчимд хамгаалалт хийх, гол горхигүй газруудад ус задгайлах зэргийг нэрлэж болно. Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 160 гаруй гол бүртгэгдсэнээс 100, булаг 461 байгаагаас 291, нуур 563 тоологдсоны 290 нь устай байгаа бол бусад нь ширгэж үгүй болсон харамсалтай мэдээг дуулгаж БОАЖГ-аас мэдээлэв. Мөн 23 рашаан байдгийн гурав нь ширгэжээ. Дорнод аймгийн газрын доорх усны нөөц 0.30 сая шоо.км, үүнээс ашиглах боломжтой нөөц нь 0.20 сая ш.км бол гадаргын усны нөөц 1.51 сая шоо.км байдгаас ашиглах боломжтой нөөц нь 0.15 сая шоо.км гэнэ. Энэ нь бусад аймагтай харьцуулахад дундаж хэмжээ юм. Харин өнгөрсөн онд Дорнод аймагт усны нөөц ашигласны төлбөрөөс 3.9 сая төгрөгийн орлого олсны 35 хүртэлх хувийг ус, усны нөөцийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулсан байна.
Өнөөдөр “Дэлхийн усны өдөр” тохиож байгаатай холбогуулан Дорнод аймагт “Байгальд ээлтэй усны шийдэл” уриан дор тэмдэглэж, сарын аян өрнүүлж байна. Аяны хүрээнд дээрх сэдвээр төсөл, эссе бичих, “Эко хот” сэдэвт архитектурын уралдаан зарлаж, Чойбалсан хотын ЕБС-ийн сурагчдын дунд эко аялал зохиохоор төлөвлөжээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ