Ахмадуудын хүсэлтээр Халхголд хээрийн музей байгуулна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-03-21 21:54:17
Дорнод /МОНЦАМЭ/ Халхголын дайны ялалтын 80 жилийн ойг угтаж, Хээрийн музей байгуулахаар болов. Тус сумын нутгаас дайны үеийн сөнөөгч онгоц, овор хэмжээ томтой зэр зэвсэг нэлээд олддог учир эдгээрийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилгоор музей байгуулах нь зөв гэж үзжээ. “Ахмадаа сонсох өдөр”-т оролцсон цэрэг хүчний байгууллагын ахмад ажилтнууд аймгийн удирдлагатай уулзах үеэрээ энэхүү санаачилгыг гаргаж тавьсан байна. Бусад улс орны хээрийн музей нь жуулчдыг татах гол үзмэр болсон байдаг тул туршлага судалж, ойн өмнө байгуулахаар болсон нь энэ юм.
Тус аймаг энэ оныг “Ахмадаа сонсох жил” болгон зарласан. Хоёр дахь удаагийн дээрх уулзалтаар зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж байсан 20 гаруй ахмад уригдан ирж оролцов. Энэ үеэр ахмадуудаас гарсан санал хүсэлтийг тоймловол, сумдад ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн системтэйгээр хийх, ахмадуудыг түрээсийн орон сууцанд хамруулах, хотын төвийг зүлэгжүүлэх, Халхголд хээрийн музей байгуулах, Хятадаас орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг нарийн хийж, хүнсний аюулгүй байдалд хяналт тавих, тариалан эрхлэгчдийг нэгдсэн том зоорьтой болгох зэргийг нэрлэж болно. Уулзалтаас гарсан санал хүсэлтийн мөрөөр хийсэн ажлаа эргэж тайлагнахаа аймгийн удирдлага илэрхийлсэн.
Дорнод аймагт хилийн отряд дөрөв, зэвсэгт хүчний нэг анги алба үүргээ гүйцэтгэж байна.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ