“Аз жаргал төв”-өөр 700 орчим өсвөр насныхан үйлчлүүлжээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-03-21 19:58:06
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт өнгөрсөн оны сүүлээр нээлтээ хийсэн “Аз жаргал” төвөөр 700 орчим өсвөр насныхан үйлчлүүлээд байна. Өсвөр үеийн хүүхэд, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой уг төв нь сурагчдын санал хүсэлтийг ажил хэрэг болгосноороо онцлог юм. 
“Аз жаргал төв” ийнхүү охид хөвгүүдэд үйлчилгээ үзүүлж эхэлснээр тэдэнд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирчээ. Тухайлбал, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох хүрээнд анхан, дунд, гүнзгийрүүлсэн шатны сургалтаар үе тэнгийн сургагч багш 90 гаруйг бэлдэж, төвөөр үйлчлүүлэх охид, хөвгүүд, оюутан сурагчдын тоо нэг дахин нэмэгдсэн гэж ГБХЗХГ-аас мэдээлэв.
Нийгэмд нээлттэй, хүртээмжтэй ажиллахын тулд “Танилцах өдөрлөг” зохиосноор  Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн сурагчид, сургуулиудын нийгмийн ажилтан, Политехник коллеж, МСҮТ-ийн оюутны зөвлөлийн гишүүд зэрэг 200 гаруй төрийн алба хаагч, багш сурагчид, оюутнуудыг хамруулж, хамтран ажиллах тал дээр ойлголцолд хүрсэн байна.
Өсвөр үеийн хүүхэд, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх “Аз жаргал төв” нь 7058-4979 дугаарын утсаар ганцаарчилсан зөвлөгөө өгөхөөс гадна охидын анхан шатны үзлэг, бэлгийн болон нөхөн үржихүйн мэдлэг, БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх сургалт явуулдаг юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ