Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хөрөнгө босгох аян өрнүүлж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-03-15 17:59:45
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын сүлжээ “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах-Нийгмийн дэмжлэг” хөрөнгө босгох аяныг эхлүүлээд байна.

Тус аян хөвгүүд, эрэгтэйчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт мэдээллийн ажиллагаа зохион байгуулах, эрэгтэйчүүдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийх, эрэгтэйчүүдийн кабинет байгуулах суурь судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Уг аяныг Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дорнод аймгийн салбар, иргэний нийгмийн байгууллагын зөвлөл, “Ногоон хөгжил иргэдийн зөвлөл” ТББ зэрэг хэд хэдэн байгууллага хамтран зохион байгуулж байна.

Дорнод аймагт 2017 оны байдлаар 79.5 мянган хүн амьдарч байгаагаас 50.1 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг төдийгүй эрэгтэй хүний дундаж нас эмэгтэй хүнээс 8.2 жилээр бага байна. Харин 2016 онд нас барсан хүний 62.5 хувь, хорт хавдрын өвчлөлийн 61.2 хувийг эрэгтэйчүүд эзэлж байв. Иймээс хөвгүүд, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулахаар тус аяныг эхлүүлжээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ