Дорнод аймаг энэ онд 80 мянга дахь иргэнээ угтан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-03-14 18:39:44
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг энэ оны тавдугаар сарын дунд үеэр 80 мянга дахь иргэнээ угтан авна. 
Одоогоор 80 мянга дахь иргэнийг тодруулах ажлын хэсэг байгуулагдаад байна.
1990-ээд оны эхээр тус аймгийн хүн ам 80 мянга давж байсан удаатай ч зах зээлийн хямрал, хүн амын ядуурлыг дагаад шилжилт хөдөлгөөн, нас баралт өсч, төрөлт буурснаар хүн амын тоо эрс багасчээ.
Өнгөрсөн онд 1922 эх эсэн мэнд амаржиж, тав дахь жилдээ эхийн эндэгдэлгүй аймаг болж чадсан юм.
Монгол Улсын ҮСХ-ны тооцоолсон суурин хүн амын тоогоор төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийг харгалзан тодорхойлох буюу Дорнод аймгийн харьяат шинээр төрсөн хүүхдийг мэндэлсэн хугацаагаар нь дараалуулан гаргасан жагсаалтаас тухайн хугацаанд нас барсан хүний тоог хасаж тооцон 80 мянга дахь иргэнийг тодруулах аж.
2017 оны байдлаар тус аймгийн хүн ам 79,5 мянгад хүрсэн бол хүн амынх нь талаас илүү нь аймгийн төв Чойбалсан хотдоо төвлөрөн суурьшдагаараа бусад аймгаас онцлог. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ