Шүлхийгээр өвчилсөн 49 толгой үхрийг устгалд оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-03-11 11:32:58
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт шүлхийгээр өвчилсөн 49 толгой үхрийг устгалд оруулав. Одоогоор тус сумын нутагт хоёр голомтын гурван малчин өрхийн үхэр малын гоц халдварт шүлхийгээр өвчлөөд байна.
Өнгөрсөн сарын 21-ний өдрөөс Чулуунхороот сум болон зэргэлдээх сумд хорио цээрийн дэглэмд шилжиж, хяналтын пост ажиллуулж эхэлсэн. Анх хоёр айлын 28 үхэр шүлхийгээр өвчилсөн бол одоогоор гурван айлын 49 толгой болж нэмэгджээ.
Урьдчилсан сэргийлэх ажлын хүрээнд 74 өрхийн гурван мянга орчим үхрийг дархлаажуулаад байна гэж тус сумаас мэдээллээ. Харин Дорнод аймгийн ХХААГ-аас 200 кг хлорын шохой, 55 хос хөдөлмөр хамгааллын хувцас, “Hi-cop” 15 кг, ариутгагч авто макс нэг ширхэгийг олгож, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Малын гоц халдварт шүлхий өвчний энэ удаагийн тохиолдлыг зээрээс үхэрт халдсан гэж үзэж байгаа аж. Өнгөрсөн сарын эхээр Дорнод аймагтай хиллэдэг хойд хөршийн зэргэлдээх тосгоны нутагт шүлхий өвчин гарч, зээрийн сүрэг ихээр үхсэн байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ