Мөсөн замын унадаг дугуйн аялалд Дорнодоос дөрвөн дугуйчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-02-28 23:55:58
Дорнод /МОНЦАМЭ/. "Хөвсгөл сорилт 2018" мөсөн замын унадаг дугуйн аялалд Дорнод аймгаас Т.Түмэнцогт ахлагчтай дөрвөн дугуйчин оролцож байна. Ийн онцолсны учир нь тамирчдын тэсвэр тэвчээр, чадал чансааг сорьдог энэхүү аялалд Дорнодын тамирчид хурд, хүчээ сорьж байгаа ганц аймаг гэж хэлж болно.
Мөн дугуйн аяллын энэхүү тэмцээнд БНСУ-аас Ким Духан ахлагчтай долоон дугуйчин, Улаанбаатар хотоос Т.Золзаяа ахлагчтай таван дугуйчин, Б.Батболд ахлагчтай долоон дугуйчин буюу дөрвөн багийн 22 дугуйчин мөсөн дээр тав хоног дугуйгаар аялаж эхлэв.
Тамирчид энэ сарын 27-ноос ирэх сарын гуравны өдрийг хүртэл нийтдээ 271 км замыг Хөвсгөл далайн мөсөн дээгүүр дугуйгаар аялж туулах юм.
Сонирхуулахад, 15 дахь жилдээ зохиогдож буй энэхүү аялал нь дэлхийн дулаарлын эсрэг үйлсэд хувь нэмэр оруулахад чиглэгдэхээс гадна иргэдэд амьдралыг тэтгэгч усаа гамнах, мөн автомашин болоод нүүрсний хэрэглээгээ багасгах талаар сурталчлан таниулахад зорилготой аж.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ