Загасчлалын аваргуудыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-02-26 23:28:38
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг 2018 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлаж, "Түйн голын жавар" өвлийн наадмаар нээлтээ хийсэн талаар бид мэдээлсэн. Аялал жуулчлалыг дэмжих жилийнхээ хүрээнд Баянхонгор аймаг олон эвент арга хэмжээнүүдийг төлөвлөсний нэг болох ”Биндэръяа хөх нуурын цом - 2018” загасчлалын тэмцээн улирагч амралтын өдөр боллоо.
Баянхонгор аймгийн төвөөс 230 гаруй км, Жаргалант сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т оршдог аймгийн үзэсгэлэнт газруудын нэг, Биндэръяа хөх нуурт тус тэмцээн зохион байгуулагдсан юм. Тэмцээнд Улаанбаатар хот, аймгийн төв болон зэргэлдээ аймаг, сумдаас ирсэн нийт 22 багийн 80 орчим тамирчин оролцож, засагчлалын аваргуудыг тодруулсан байна. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд, албан байгууллагуудын дарга болон Монголын Загасчлах спортын холбоодын нэгдэлийн тэргүүн н.Тэмүжин, Монголын байгаль хамгаалах тул сангийн менежер Б.Баярсайхан, Баянхонгор аймгийн гэрэл зурагчдын холбооны гишүүд мөн оролцжээ.
Загасчлалын спортынхон тухайн сав газрын загас, байгаль орныг хамгаалах томоохон зорилгод нэгддэгийн хувьд тэмцээнд оролцогчид барьсан загасаа байгальд нь буцаан тавидгаараа онцлог юм байна. Ийнхүү гурван төрөлд аваргуудыг шалгаруулахад, багийн нийлбэр дүнгээр “Андууд 1” баг түрүүлж “Биндэръяа хөх нуурын цом-2018” загасчлалын тэмцээний Цомыг гардсан бол “Андууд 2” баг, “Цэнгэг 1” баг тус тус удаалжээ. Мөн тэмцээний Ганцаарчилсан төрөлд нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд "Хапоро" багийн тамирчин н.Даваасамбуу, хоёрдугаар байранд А.Амарболд, гутгаар байранд Г.Манал нар тус тус шалгарсан бол “Биндэръяа хөх нуурын цом-2018” загасчлалын тэмцээний хамгийн том загас барьсан тамирчин "Тэмүүлэл" багийн тамирчин н.Төмөрсүх болсон байна.
Орон нутагт аяллын шинэ төрөл хэлбэрийг хөгжүүлэх эхний алхам ийнхүү амжилттай болсон бөгөөд загасчлалын тэмцээнийг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Жаргалант сумын ЗДТГ, Баянхонгор аймгийн Загасчлалын клуб, аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран зохион байгуулжээ.
                                                                                                                                                Б.Мөнхзул
Холбоотой мэдээ