БАЯНХОНГОР: Элсэлтийн шалгалтад ахиц гаргах оновчтой бодлогыг тодорхойлж хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. 2025 оны элсэлтийн шалгалтын дундаж оноо аймгийн хэмжээнд 486.28 буюу өмнө жилийнхээс 13.32 оноогоор буурсан дүн гарсан. Үүнтэй холбоотой аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Засаг даргын зөвлөх Д.Ууганцэцэг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг нар Боловсролын газрын дарга, мэргэжилтнүүд, Баянхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, сургалтын менежерүүдтэй уулзалт хийв.
Мөн үеэр Боловсролын газрын Стастистик мэдээлэл, хяналт шинжилгээ-үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Л.Оюунбилэг аймгийн хэмжээний элсэлтийн шалгалтын дүн, түүнд хийсэн хяналт шинжилгээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Түүнээс гадна Баянхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежерүүд сургууль тус бүрийн элсэлтийн шалгалтын дүнд хийсэн судалгаа, дүгнэлтийг танилцуулж, тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцсон юм.
2025 оны элсэлтийн шалгалтыг Баянхонгор сумын Номундалай сургууль дээр зургаадугаар сарын 18-21-ний хооронд 42 багш, 12 зохион байгуулагч /багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, боловсролын улсын байцаагч/ нийт 57 хүний бүрэлдэхүүнтэй комисс 10 төрлийн шалгалтыг зохион байгуулсан байна. Үүнд 914 шалгуулагч, давхардсан тоогоор 2284 шалгуулагч оролцож, гаргасан зөрчилгүй амжилттай зохион байгуулжээ.
Элсэлтийн шалгалтын оноог сургууль, хичээл, багш тус бүрээр дүгнэн гаргахад бэлтгэсэн сурагч нь 800 оноо авсан дөрвөн багш, хоёр хичээлийн дундаж оноо нь 750-аас дээш нэг сурагч, 800 оноо авсан дөрвөн сурагч байна.
Мэдээллийн дараа аймгийн Засаг даргын Орлогч Б.Наранбаяр Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад ирэх хичээлийн жилд элсэлтийн шалгалтын амжилтыг ахиулах үүрэг чиглэл өгч, 2025-2026 оны хичээлийн жилд боловсролын чанар, хүртээмжид илүү анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн аймгийн бүх сумын боловсролын салбарын хүрээнд өргөтгөсөн уулзалт хийж, 2026 онд элсэлтийн шалгалтад ахиц гаргах оновчтой бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Элсэлтийн шалгалт нь жил бүр Монгол Улсын хэмжээнд тухайн жилд болон өмнөх жилүүдийн төгсөгчдийг их, дээд сургуулиудад элсүүлэх зорилгоор авдаг шалгалт юм. Шалгалтын оноог 200-800 оноогоор дүгнэх бөгөөд сургууль бүр өөрийн босго оноог зарладаг. Шалгалтын дүнг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан тусгай аргачлалаар тухайн шалгуулагчийн гүйцэтгэлд тохирсон анхны оноо, хэмжээст оноо, процентал оноо гэх гурван оноогоор дүгнэдэг. Элсэлтийн шалгалтын хамгийн өдөр оноо болох 800 оноо нь хэмжээст оноо, энэхүү оноог тогтоохдоо тухайн жилд шалгалт өгсөн нийт төгсөгчдийн гүйцэтгэлийг харгалзан үздэг байна.