28 үхэр шүлхийгээр өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-02-22 21:21:58
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Чулуунхороот сумын төвөөс зүүн урд зүгт 20-иод км-т нутаглаж байгаа хоёр малчин айлын 28 үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр батлагджээ. Маргааш өвчтэй малыг устгалд оруулна. Малын гоц халдварт шүлхий өвчнийг зээрээс үхэрт халдсан гэж үзэж байна. 
Энэ сарын эхээр ОХУ-ын талаас хилийн цэргийн төлөөлөгчөөр дамжуулан шүлхий өвчин гарсан, зээрийн сүрэг ихээр үхсэн талаар манайд мэдээлжээ. Хойд хөршийн зэргэлдээх тосгоны нутагт энэ сарын 8-наас эхлэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.
Одоогоор шүлхий өвчнийг нааш газар авахуулахгүй байх тал дээр анхаарч, Чулуунхороот, Гурванзагал, Дашбалбар, Чойбалсан сумын нутагт хяналтын пост гаргаж, хорио цээрийн дэглэмд шилжээд байна.
Дорнод аймагтай хөрш зэргэлдээ Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Эрдэнэцагаан сумдад мөн шүлхий өвчин гараад байгаа юм. Тиймээс Матад, Булган, Хөлөнбуйр сумын мал сүрэгт үзлэг тандалтын ажлыг хийж байна гэж ХХААГ-аас мэдээлэв.  
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ