Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар Энэтхэгийн Фортис эмнэлэгтэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-02-20 16:47:02
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Энэтхэг улсын Фортис эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн оноос эхлэн уулзалтууд зохион байгуулж эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллах талаар судалж эхэлсэн.
Тэгвэл нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээ, эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, мэдээлэл солилцох чиглэлээр Энэтхэг улсын Фортис эмнэлгийн менежер Гаурав Такрал болон аймгийн засаг даргын орлогч А.Түвшинбат нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ, оношилгооны чиглэлээр олон улсын сургалт семинарт эмч мэргэжилтнүүдийг хамруулахад дэмжлэг үзүүлэх, туршлага судлахад дэмжлэг үзүүлэх, эмчилгээ, оношилгооны тулгамдсан асуудал, туршилттай холбоотой онлайн зөвлөгөө мэдээлэл солилцох, эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн чиглэлээр хамтран ажиллах, шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчдийг оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх зорилгоор манай аймгаас Фортис эмнэлэгт шилжүүлэх, Фортис эмнэлэг нь Эрүүл мэндийн газраас илгээсэн үйлчлүүлэгчдийг хүлээн авч оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх тусламжийг үзүүлэх давуу талтай ажээ. 

Санамж бичигт гарын үсэг зурсны дараа талууд чөлөөт ярилцлага өрнүүлж эрүүл мэндийн салбарыг хэрхэн хүртээмжтэй болгох, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг хэрхэн чадваржуулах, мэдлэг туршлагаа хэрхэн харилцан хуваалцах талаар санал солилцлоо.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ