Приморийн тээврийн зурвасуудыг хөгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-11-23 14:53:24

ВЛАДИВОСТОК. /TASS/. Хятадын зүүн хойд нутгийг Оросын Алс Дорнодын боомтуудтай, юуны өмнө Приморийн хязгаартай холбосон тээврийн зурвасуудыг хөгжүүлэх тухай гэрээнд ОХУ болон Хятад 12 дугаар сард гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Энэ тухай ОХУ-ын Алс Дорнодыг хөгжүүлэх яамны сайд Александр Галушка мэдээлжээ.

“Өнгөрсөн долоо хоногт бид Хятадын Шинэчлэлийн хорооны удирдлагатай хэлэлцээ хийж, тус улсын зүүн хойд нутгийг Алс Дорнодын боомтуудтай юуны өмнө Приморийн хязгаартай холбосон тээврийн зурвасуудыг хөгжүүлэх тухай гэрээ байгуулахаар тохиролцлоо” гэж тэрбээр мэдээлсэн байна.

Дээрх гэрээнд Хятадын Засгийн газрын тэргүүний энэ оны 12 дугаар сард хийх айлчлалын хүрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж.

"Приморье-1" тээврийн зурвас нь Хятадын хил орчмын Суйфэньхэ хотыг Гродеково өртөө, Приморийн хязгаарын хилийн бүсүүд болон тус хязгаарын зүүн нутгийн боомтуудтай холбодог. Энэ зурвасаар Хятадын ачаа Приморийн хязгаарын зүүн нутгийн боомтуудаар дамжин хамгийн дөт замаар Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад хүрэх боломжтой. Одоогийн байдлаар тээврийн энэ чиглэлийн хэд хэдэн автозамыг шинэчлэн засаж байна. Энэ ажилд Приморийн хязгаарын төсвөөс энэ жил 1.3 тэрбум рубль гаргаж байгаа юм.

"Приморье-2" зурвас нь Приморийн хязгаарын баруун өмнөд нутгийн боомтууд болох Посьет, Зарубино болон Славянкаг Хятадын мужуудтай холбох бөгөөд Хятадын зүүн хойд нутгаас Хятадын зүүн өмнөд нутгууд руу, мөн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад болон буцаагаад энэ чиглэлд ачаа тээвэрлэх боломжтой байна. Одоогийн байдлаар энэ төслийг хэрэгжүүлэхэд “Сумма” компани болон Хятадын хэд хэдэн компани оролцож байгаа аж.

"Приморье-1",  "Приморье-2" тээврийн зурвасын төслүүдийг хэрэгжүүлэхэд 200 гаруй тэрбум рублийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ