Тогооч эмэгтэйд малын гоц халдварт боом өвчний шинж тэмдэг илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-02-08 22:14:17
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Хэрлэн суманд байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар цэргийн ангид тогоочоор ажилладаг 45 настай эмэгтэйд боом өвчний шинж тэмдэг илэрчээ.  Тэрээр байнга түүхий махтай харьцдаг ажилтай. Одоогоор биеийн байдал нь 37.2 хэмийн халуунтай, баруун чихний дотор талд шархтай, цэврүүтсэн хавдартай байгаа аж.

Эмнэлгийн байгууллагаас өвчтөнд нян харах шинжилгээ хийхэд боом өвчин үүсгэгч савханцар нянгууд илэрсэн төдийгүй лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Малын гоц халдварт боом өвчин хүнд халдах нь тухайн хүний мэргэжилтэй холбоотой байдаг. Тухайлбал, малчин, малын эмч, халдварын сэжиг бүхий арьс шир, үс ноостой орчинд ажилласан, мал нядалсан зэрэг ажил мэргэжлийн хүмүүс, малын бүтээгдэхүүнтэй харьцаж байх үед арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан зэрэг нь халдвар авахад нөлөөлдөг байна. 

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ