Бодибилдингийн тамирчдаа дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-30 17:51:17
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймагт бодибилдингийн тамирчдаа дэмжихээр санамж бичигт гарын үсэг зурав. Тус аймагт бодибилдингийн спортоор хичээллэгсдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Дорнод аймаг хүний хөгжилд илүүтэй анхаарч байгаа юм. Тиймээс тус аймгийн Биеийн тамир спортын газар, Монголын бодибилдинг фитнессийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, цаашид хамтран ажиллахаар болжээ.
Уг санамж бичиг нь 2020 оны зургадугаар сар хүртэл үйлчилнэ. Санамж бичгийн хүрээнд бодибилдинг фитнессийн холбооны тамирчид саяхны өдрүүдэд тус аймагт зочилж, багш дасгалжуулагч тамирчдын сургалт, уулзалт, үзүүлэх тоглолт хийсэн байна. Тухайлбал: Бодибилдингийн спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэг, Олон улсын хэмжээний мастер Г.Жамц, Л.Бат-Эрдэнэ нарын тамирчид үзүүлэх тоглолтоо Дорнодчуудад сонирхуулж, Монголын бодибилдинг фитнесийн холбооны дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга, олон улсын шүүгчид уулзалт, сургалт хийжээ.
Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт зургаан фитнесс клуб байнга ажиллаж, 200 гаруй тамирчин бодибилдингийн спортоор тогтмол хичээллэж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ