Дарханд казах иргэдэд зориулсан соёл боловсрол, шашны төв байгуулах санал тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-01-26 16:31:30
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын зөвлөх Камел Колобашийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд аймгийн засаг даргын орлогч А.Түвшинбат, Шарын гол сумын засаг дарга Б.Амарсанаа нар оролцлоо.

Албаны төлөөллүүд манай аймагт ажлын айлчлал хийж зарим асуудлаар санал солилцсон.Тодруулбал ноён Колобаш үндэсний цөөнх болох казах иргэдэд зориулсан соёл боловсрол, шашны төвийг Дархан-Уул аймагт байгуулах хүсэлтэй байгаагаа дурдаад энэ асуудлаар аймгийн Засаг дарга болон холбогдох хэлтэс агентлагийн удирдлагуудын саналыг сонслоо. Аймгийн Засаг даргын зүгээс тус асуудлыг хуулийн хүрээнд судалж шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр аймгийн “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн 13 га газрыг тохижуулах төслийн танилцуулга хийгдэж, санхүүжилтийн тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Ноён Колобаш энэ тухайд хамтран ажиллах боломжтой, мөн БНТУ-ын Эскишехир хоттой эхлүүлсэн манай аймгийн харилцааг шинэчлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. 
 
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ