Өсвөрийн сэргийлэгч бүлгэм ажиллуулах нь илүү ач холбогдолтой гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-14 12:42:36
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэгт холбогдох үзүүлэлт энэ онд нэлээд өссөн дүнтэй гарчээ. Тухайлбал аймгийн хэмжээнд гэмт хэрэгт холбогдсон нийт 68 хүүхдийн 42 нь ЕБС-ийн сурагчид байгаа аж. Эдгээр гэмт хэргийн найм нь Сүхбаатар суманд гарсан байна. 
Сүүлийн үед ЕБС-ийн сурагчдын гэмт хэрэгт холбогдох байдал өссөнтэй уялдуулаад Сүхбаатар сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ЕБС-иуд дээр өсвөрийн сэргийлэгч бүлгэм, мөн хүүхдийн цэцэрлэгийн орчимд эцэг, эхийн эргүүл ажиллуулах нээлтийн үйл ажиллагааны нэгдсэн өдөрлөгийг энэ сарын 13-ны өдөр Сүхбаатар суманд зохион байгууллаа. 
Аймгийн Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Чимэдцогзолмаа “Хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, хүүхдээр дамжуулаад бүлгэм ажиллуулан, хантааз гардуулан өгч байгаа нь ач холбогдолтой юм. Учир нь хүүхдүүд хариуцлагатай болно, бие биедээ шаардлага тавина. Бүлгэмд орсон хүүхдүүдийг хараад орохыг мөрөөднө, тэмүүлнэ. Цаашлаад бүлгэмийн хүүхдүүд эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй болно, олны газар биеэ зөв авч явах гээд олон талын ач холбогдолтой юм. Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгааныг өнөөдөр амьдралын хүнд хэцүү, ядуу гэх зүйлтэй холбож тайлбарлах нь өрөөсгөл юм. Хараа хяналтгүй, эцэг эхийн анхаарал сул, олон цагаар зорилгогүй тэнүүчлэх байдал болон сошиал ертөнц их нөлөөлж байгаа нь харагдаж байна. Өнөөдөр аймгийн хэмжээнд гэмт хэрэгт холбогдсон 68 хүүхэд байгаагийн 42 хүүхэд нь ЕБС-ийн хүүхдүүд байна. Мөн сургууль завсардсан 5 хүүхэд байгаа гэсэн мэдээ гарсан. Энэ байдлаас үүдээд зайлшгүй энэ бүлгэмийг идэвхжүүлэн ажиллуулах шаардлага гарсан” гэлээ.
“Сүхбаатар сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл 2017 онд нийт 26 ажил явуулсны дийлэнх нь сургалт сурталчилгааны ажил байлаа. Иймээс шилдэг хүүхдүүд та нартай хамтраад 2018 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэн, Сүхбаатар хотоо гэмт хэрэггүй болгон ажиллая” гэж Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа уриаллаа.
ХЗДХ-ийн болон БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар Монгол Улсын хэмжээнд өсвөрийн сэргийлэгч бүлгэмийг ажиллуулах журам гарсантай холбогдуулан энэхүү үйл ажиллагаа эхэлж байгаа ажээ. Өсвөрийн сэргийлэх бүлгэм байгуулах нээлтийн үйл ажиллагааг Сүхбаатар сумын ИТХ, Сүхбаатар сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, сумын ЗДТГ, аймгийн Цагдаагийн газраас хамтран зохион байгууллаа. Эл ажилд Сүхбаатар сумын 1-р сургууль, 3, 7-р багийн хэсгийн байцаагч, ахлах дэслэгч н.Анхбаяр нар санаачилгатай хамтарч ажилласан байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ