Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх “хар цэг” аргыг нэвтрүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-11 00:16:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсох, хор уршгийг бууруулах зорилгоор “хар цэг” /black dot/ аргыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, олон нийтэд сурталчилж байна.

Энэ нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүн “хар цэг” буюу хэл мэдээ болох дохиог алган дээрээ тэмдэглэн, өөрийгөө аливаа гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрт өртөж, аюулд орсныг илэрхийлэх арга ажээ. Өөрөөр хэлбэл дэргэд нь хүчирхийлэгч байгаа учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгч чадахгүй байгаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогч алган дээрээ хар цэг тавин тусламж хүсэх юм.

Энэ аргыг хэрэглэсний үр дүнд гэр бүлийн хүчирхийллийн олон хохирогчийг бусдад хүчирхийлүүлэх аюулаас бодитоор аварч чадна гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байна.

Тус аймгийн хувьд 2017 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 30 хэрэг бүртгэгджээ. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 52 хүнд баривчлах шийтгэл оногдуулж, албадан сургалтад хамруулсан байна.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ