БНХАУ хөрштэйгөө харилцаагаа зузаатгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-17 15:43:37

БЭЭЖИН. /Chinadaily/. Дэд бүтцийн төслүүдэд БНХАУ болон Монголын компаниуд илүү нягт хамтран ажиллах нь хоёр орон хоорондын болоод ОХУ-тай хийх харилцааг өргөжүүлнэ гэж албаны хүмүүс мэдэгдэв.

БНХАУ, ОХУ, Монголын улс төр, худалдаа-соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гурван талын эдийн засгийн корридор байгуулахаа тус гурван орон саяхан мэдэгдсэн билээ. Улмаар холбогдох ажлуудыг хийж эхэлсэн байна.

Монголын зүүн нутагт төмөр зам тавих асуудлаар тус улсын төмөр замын байгууллагатай дэлхийд гуравт орох том хэмжээний БНХАУ-ын “China State Construction Engineering Corporation” /CSCEC/ хэлэлцээ хийж эхэлсэн гэж тус компанийн гадаад дахь бизнес хариуцсан захирал Ли Зицинь мэдэгдэв.

Энэ эдийн засгийн коридорын хүрээнд тавих умардаас өмнөд рүү чиглэлийн төмөр замын гурван шугам болон гурван улс дамнасан баруун нутагт байгаа төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх юм.

Төв нутгийн төмөр замын шинэчлэлийг БНХАУ-ын төмөр замын стандартын дагуу хийнэ гэж Ли мэдэгдэв. Уг төмөр замыг шинэчлэх ажилд “CSCEC” оролцож, зүүн чиглэлийн шугамыг тавих юм.

Төвийн шугамыг Хятадын төмөр замын стандарт шаардлагын дагуу төлөвлөлт, зураг төслийн ажлыг хийж байгаа бөгөөд нэг жилийн дотор дуусгана гэж төлөвлөж байгаагаа тэрбээр дурдаад, санхүүжилтийн уян хатан горимтой учир уг төсөлд Хятадын хувийн компаниуд мөн оролцох боломжтой гэж мэдэгджээ.

Уг төсөлд хэр их хөрөнгө оруулалт хийж байгаа талаар Ли мэдээлэл өгөхөөс татгалзсан боловч тус компанийн гадаад зах зээлээс олох орлого өнгөрсөн хэдэн жилд 20 хувиар нэмэгдсэн гэв.

“1950 оноос хойш бид гадаадын төсөл дээр ажиллаж, ихээхэн туршлага хуримтлуулсан. “Нэг зам, нэг бүс” санаачилга бидний цаашдын чанарын өсөлтөд ихээхэн дэм болно. Мөн БНХАУ-ын хойд мужуудыг Монголтой холбох хэд хэдэн замыг тус улсын өмнөд нутагт тавихад компани дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр уг зам хоёр хөрш хоорондын худалдааг хөнгөвчлөх юм” гэж Ли хэлжээ.

ШХАБ-ын дээд хэмжээний 14 дүгээр уулзалтын үеэр БНХАУ, ОХУ, Монголын төрийн тэргүүн нар уулзсан бөгөөд уг уулзалтын үеэр гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулахыг БНХАУ-ын дарга Си Зиньпин санал болгосон байна.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод болсон БНХАУ-Монголын анхдугаар үзэсгэлэн-худалдааны үеэр Монголын Шадар сайд Ц.Оюунбаатар, БНХАУ-ын гадаад бодлого хөрөнгө оруулалтын томоохон боломжуудыг Монголд олгож байна гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ, эрчим хүчний эрэлт, хөдөө аж ахуйн болон уул уурхайн асар их нөөцтэй Монгол бизнес эрхлэх олон боломжийг БНХАУ-ын хөрөнгө оруулагчдад олгож байна гэж Ли хэлэв.

Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол улс харилцан тэнцвэртэй боломжоор хангаж байна.

БНХАУ-Монголын үзэсгэлэнгийн үеэр хоёр улсын компаниуд эрчим хүч, нефть, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, барилга, ложистик, аялал жуулчлалын салбарыг хамарсан 46 төслийг хэрэгжүүлэх 8.96 тэрбум доллар бүхий гэрээнд гарын үсэг зуржээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ