ОХУ-аас 12000 тонн гурил импортлох саналыг Засгийн газарт тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-24 20:34:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан Цагааннуурын боомтоор дамжуулан импортоор гурил оруулах зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд өгөх, гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх хүсэлтийг тус аймагт өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаар ирсэн ажлын хэсгийн ахлагч, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулед өнөөдөр уламжиллаа.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле импортоор оруулах гурилын хэмжээг бодитоор гаргаж ирүүлсэн тохиолдолд Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж, улмаар Засгийн газрын хуралдаанд оруулахаа илэрхийллээ.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр тус аймагт гурилын үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад 28,8 хувиар өсжээ. Үнийн өсөлтөд 2016, 2017 онуудад дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газраас стратегийн хүнс импортлох зөвшөөрөл олгоогүй явдал нөлөөлжээ. Мөн Улаанбаатар хотоос гурил тээвэрлэх зардал өндөр гарч байгаа нь бас нэгэн хүчин зүйл болж байна. Аймгийн удирдлагын зүгээс үнийг зохих түвшинд буулгахын тулд ОХУ-аас 12 мянган тонн гурил импортлох шаардлагатай хэмээн үзэж байгаа аж.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ