Бүргэдчин А.Айгеримийн тухай кино хийхээр болжээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-11-21 16:53:17

Саяхан Сингапур улсаас жуулчид ирж, тус аймгийн Алтай сумын бүргэдчидийн аж амьдрал, бүргэдээр ан хийх урлагтай танилцан зураг авалт хийжээ.

Мөн тус сумын бүрэн дунд сургуулийн 7 дугаар ангийн сурагч, бүргэдчин охин А.Айгеримийн гэрт зочилсон байна. Найман наснаасаа эхлэн бүргэдчин аавтайгаа хамт ан агнахад суралцсан тэрээр энэ жил "Алтан Алтайн бүргэд" тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарсан байна.

Жуулчид энэ удаад авсан гэрэл зургуудаа олон улсын үзэсгэлэнд тавих бөгөөд ирэх зургаадугаар сард 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин ирж А.Айгерим охины тухай кино хийхээр болсон байна.

2013 онд Н.Айшолпан охин 13 настайдаа  «The Eagle Huntress» кинонд тоглож, бүргэдээр ан хийх урлагийг дэлхийд таниулсан юм. Үүүнээс хойш Баян-Өлгий аймагт бүргэдчин охидын тоо нэмэгдэж байгаа бөгөөд одоогоор Алтай, Алтанцөгц, Бугат, Сагсай, Толбо сумдад 10 гаруй охин бүргэдээр ан хийж, уралдаан тэмцээнүүдэд оролцох болжээ.

Дашрамд хэлэхэд, дэлхий дээрх шувуугаар ан хийлгэдэг цөөхөн үндэстний нэг нь казахууд юм. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймагт 400 гаруй бүргэдчин байгаа гэсэн судалгаа гарсан байна. Казахууд эртнээс байгалийн хүчит махчин шувуудын зан авирыг судлан эзэмшиж, бүргэдийг ан агнахад сургадаг уламжлалт заншил тогтоожээ. Казах түмэн бүргэдийг "Ахиых", "Хыран" хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь цагаан мөрт, хар хүчтэн гэсэн утгатай юм. Бүргэдийг гаршуулж ан агнах уламжлал төв Азид 6000 мянган жилийн өмнө үүссэн талаар эрдэмтэд бичжээ. Сүүлдээ энэ  арга Европын улс орнуудад нэвтэрсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд