“Хорт хавдрын эрт илрүүлэлтийг эрчимжүүлье” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-13 15:18:21
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь БОЭТ-д “Хорт хавдрын эрт илрүүлэлтийг эрчимжүүлье” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг болов. Энэ үеэр иргэдэд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хурдавчилсан оношлуураар хийж, биеийн жин, өндөр хэмжих, биеийн жингийн индекс тодорхойлох, цусны даралт хэмжих, захын цусанд сахар тодорхойлох үзлэг оношилгоо хийж, хорт хавдрын тухай болон урьдчилан сэргийлэх талаар сурталчлан, гарын авлага, санамж, товхимол түгээсэн байна.
Өдөрлөгт 150 гаруй хүн оролцож, 39 хүнд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ хийсэн гэж Хавдрын тасгаас мэдээллээ. Үүнээс элэгний В вирусийн зургаа, С вирусийн хоёр тохиолдол, цусан дахь сахарын хэмжээ ихэссэн 20 хүнийг шинээр оношлон дараагийн шатны үзлэг эмчилгээнд хамруулж эхэлжээ.
Өдөрлөгийн үеэр “Мянган сарнай” эмийн сантай хамтарч, дархлаа дэмжигч Иммун актив, Магни денк, витамин тарааж, шинэ эмийн мэдээлэл, зөвлөгөө өгөх зэргээр иргэдэд үйлчилсэн байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ