Төрийн албан хаагчид монгол хэл, бичгийн сорилго өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-11-12 19:23:46
Дундговь/МОНЦАМЭ/.Дундговь аймагт төрийн алба хаагчдын дунд монгол хэл, бичгийн сорилгыг хоёр дахь удаагаа авах гэж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай” 2010 оны зарлиг, Монгол Улсын Засгийн  газрын “Монгол хэл, бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 2013 оны тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Эх хэл бичгээ дээдэлье” аяныг аймгийн Засаг даргын ивээл дор өнгөрөгч зургадугаар сард эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд монгол хэл, бичгийн сорилгыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм.
Эхний шатны сорилгыг зургадугаар сард авч, 53 байгууллагын 1000 гаруй алба хаагч хамрагдсан бөгөөд байгууллагууд алба хаагчдынхаа эхний сорилгын дүнг харгалзан монгол хэл, бичгийн чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтыг дор бүрнээ зохион байгуулах үүрэгтэй байсан. Харин сургалтынх нь үр дүнг тооцохын тулд хоёр дахь сорилгыг явуулах юм байна. Сорилгыг энэ сарын 21-нд авахаар товложээ.
Аймгийн ИТХ, ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, Сайнцагаан сумын ИТХ, ЗДТГ, тус сумын харъяа төрийн байгууллагуудад нийт 1650 орчим алба хаагч ажилладаг. Тэд Хэлний бодлогын үндэсний зөвлөл боловсруулсан сорилгын даалгавруудыг гүйцэтгэнэ.
2015 онд УИХ-аар баталсан “Монгол хэлний тухай” хуульд 2025 оноос эхлэн төрийн харилцаанд хос бичиг хэрэглэх тухай тусгасан. Үүний бэлтгэлийг одооноос хангах эхлэлийг тавих нь монгол хэл, бичгийн сорилгын бас нэг зорилго болж байна.
 
T. Отгонтуяа
Холбоотой мэдээ