Нас баралтын шалтгааны тал шахам хувийг элэгний хавдар эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-10 21:08:35
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хувьд нийт хорт хавдрын өвчлөлийн 45.1 хувь, нас баралтын 47.8 хувийг элэгний хавдар эзэлж байна гэж БОЭТ-ийн Хавдрын тасгаас мэдээлэв.
Элэгний хорт хавдраар өвчлөгсдийн 84,2 хувь нь хожуу буюу 3, 4-р үе шатандаа оношлуулснаар өвчтөн жил хүрэхгүй хугацаанд амьдарч байгаа юм. Түүнчлэн умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэг өнгөрсөн онд 54 хувь болж өмнөх оноос буурсан үзүүлэлттэй гарчээ. Ийм учраас эрт илрүүлгийн үзлэг оношлогоог эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна гэдгийг хавдрын эмч нар хэлж байна.
Жил бүрийн 11 дүгээр сарын эхний 14 хоногт хорт хавдартай тэмцэх аян өрнүүлдэг уламжлалтай. Тус аймгийн хэмжээнд “Би чадна, бид чадна, та ч бас чадна” уриан дор эрт илрүүлгийг сайжруулах зорилгоор үзлэг шинжилгээ хийх, иргэдэд эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл хүргэх зэрэг ажлыг явуулж эхэлжээ.
Манай улсын хувьд хүн амын дундах нас баралтын шалтгааны 85,9 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Үүн дотроо гурван хүний нэг нь зүрх судасны тогтолцооны өвчин, дөрвөн хүний нэг нь хавдар, таван хүний нэг нь гэмтэл хордлого, гаднын шалтгааны улмаас нас барж байгаа гэсэн дүн мэдээ бий. Өнгөрсөн онд л гэхэд 5900 хүн хорт хавдраар өвчилсний 78 хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон байх юм. Урьдчилсан тооцоогоор 2025 он гэхэд хавдрын шинэ тохиолдол 7500 болж нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ