Аймгийн "Ахмад"-ын баярын хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-09-28 16:35:32
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Өнөөдөр Дархан-Уул аймгийн ахмадууд Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийн баярын хурлаа Залуучууд театрт зохион байгууллаа. 2017 эхний улирлын судалгаагаар манай аймагт 9270 ахмад настан ажиллаж амьдарч байна.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар нь аймгийн ахмадын хороотой нягт уялдаатай хамтран ажилладаг бөгөөд Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлогод тусгагдсан зарим чиг үүрэг тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг олон асуудлуудыг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган жил бүр аймгийн Ахмадын хороотой “ХАМТРАН АЖИЛЛАХ” гэрээ байгуулан урлаг спортын болон олон талт ажил үйлчилгээг хамтран зохион байгуулах замаар ахмадуудынхаа амьдралын чанарыг сайжруулахад анхааран ажиллаж байна.

Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх зорилгоор Герантологийн төв байгуулахаар тусгагдсан, энэ онд ахмадын “Гүнд” амралтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 30 сая төгрөгийн санхүүжилтээр их засвар хийж, 166 ахмадууд амарсан байна.
Мөн Шарынгол сумын ахмадын хорооны байрыг сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээр өргөтгөн ашиглалтад оруулсан, 15 ортой ахмадын сэргээн засах тасгийг ажиллуулж байгаа ба ахмад настнуудад нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй үйлчилж байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат хэлсэн үгэндээ онцолж байлаа.
Энэхүү баярын хурлын үеэр 35 ахмад настанг шагнаж урамшуулсан юм. “Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр”-ийг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан хэрэгжүүлж эхлэн 2017 оны 9 сарын байдлаар 100 ахмад настан Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний хүрээнд аж ахуй нэгж, байгууллагуудад зөвлөгөө өгөн ажиллаж 28,0 сая төгрөгийн, 21 ахмадын бүлэгт төсөл хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж 42,5 сая төгрөгийн санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тус тус олгож, харьяалалгүй 4989 ахмадад 48,5 сая төгрөгийн хүндэтгэл олгож 20 ахмадыг харьяалалтай болгожээ.

Мөн орон нутгийн дэмжлэгтэйгээр Ахмад багш нарын холбооноос “Багшийн хөгжил” төслийг Шарын гол сумын 2 дугаар сургуульд амжилттай хэрэгжүүлж, тус сургуулийн элсэлтийн шалгалтын дүнгээр аймагтаа төрийн өмчийн сургуулиудаас 4 дүгээр байранд орсон амжилт гаргажээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ