Элэгний бүх төрлийн шинжилгээнд 5000 хүн хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-12 12:24:42
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймагт “Вирус гепатит ба элэгний хавдрыг эрт илрүүлэх” төсөл нээлтээ хийлээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зорилготой дээрх төслийг  “FIRE” олон улсын ТББ хэрэгжүүлэх юм.
Төслийн хүрээнд нийгмийн даатгалгүй,  үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаагүй 5000 гаруй иргэнийг элэгний бүх төрлийн шинжилгээ, оношилгоонд хамруулна. Мөн вирусын халдвартай илэрсэн иргэдэд элэгний болон хавдрын нарийн мэргэжлийн эмч нар үзлэг шинжилгээ хийж, зөвлөгөө өгөх юм. Түүнчлэн гепатитийн В вирусийн халдваргүй 2000 иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Төслийн тогтвортой байдлыг хангах үүднээс сум, өрх, БОЭТ-ийн эмч нарыг элэгний өвчлөл болон бүртгэл мэдээллийг сайжруулах чиглэлээр хоёр өдрийн сургалтад хамруулжээ.

Монгол Улс 2020 он гэхэд элэгний С вирусын голомтыг устгаж, халдварын тархалтыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд “FIRE” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Мередит Поттс, санхүүжүүлэгч байгууллага “Улаанбаатар ротари клуб”-ын тэргүүлэгчид, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох нар хүмүүс оролцлоо.
 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ