Оросын тэрбумтнууд оны эхнээс 10 гаруй тэрбум доллароор баяжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-08-02 14:58:24
НЬЮ-ЙОРК./TASS/. Оросын 27 тэрбумтнуудын /долларын/ нийт хөрөнгө 2017 оны 1-8 дугаар сард 10,14 тэрбум доллароор нэмэгджээ. Энэ тухай мягмар гарагт нийтлэгдсэн Bloomberg агентлагаас өдөр бүр шинэчилж байдаг “Bloomberg Billionaires Index”-ийн тоо баримт нотлож байгаа юм.

Оросын 27 тэрбумтнуудын 21 нь дээрх хугацаанд хөрөнгө чинээгээ нэмжээ. “Северсталь” НХН-ийн үндсэн хувьцаа эзэмшигч, Оросын хамгийн баян хүн /17,3 тэрбум долларын хөрөнгөтэй/ Алексей Мордашов дээрх хугацаанд хөрөнгө чинээгээ 354 сая доллароор нэмэгдүүлж чаджээ. Оросын тэрбумтнуудын жагсаалтын удаах байранд “Интеррос”-ын ерөнхийлөгч, “Норильск никель”-ийн удирдах зөвлөлийн дарга Владимир Потанин хөрөнгө чинээгээ 16,6 сая доллароор ахиулж, одоогийн байдлаар 16,6 тэрбум доллартой болсноор жагссан бол “Ренов” группын тэргүүн Виктор Вексельберг 1,34 тэрбум доллар олж 15,6 тэрбумын хөрөнгөөр эхний гуравт багтжээ.

Хөрөнгө чинээгээ мэдэгдэхүйцээр нэмэгдүүлж чадсан тэрбумтнуудын тоонд Новолипецкийн хар төмөрлөгийн үйлдвэрийн захирлуудын зөвлөлийн дарга Владимир Лисин 1,82 тэрбум доллароор, "USM Holdings"-ийн үндсэн хувьцаа эзэмшигч Алишер Усманов 1,77 тэрбум доллароор, “Русал” НХН, En+ Group-ийн ерөнхийлөгч Олег Дерипаска 1,76 тэрбум доллароор оржээ.

2017 оны эхний долоон сарын хугацаанд бусдаасаа илүү алдагдал хүлээсэн тэрбумтнаар “Новатэк”-ийн тэргүүн Леонид Михельсон 2,09 тэрбум доллар, Volga Group-ийн эзэн Геннадий Тимченко 1,92 тэрбум доллар,  “Лукойл” НХН-ийн ерөнхийлөгч Вагит Алекперов 1,13 тэрбум долларын алдагдал хүлээснээр тодорчээ.

Алексей Мордашев Forbes сэтгүүлийн үнэлгээгээр Оросын хамгийн баян хүмүүсийн чансааг ердөө 7 дугаар сарын 31-ны даваа гарагт тэргүүлсэн байна. Түүний хөрөнгө тэр үед 16,8 тэрбум доллароор үнэлэгдэж байжээ.
О.Барс 
Холбоотой мэдээ