Иордан дахь Израилийн ЭСЯ руу халджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-24 09:09:58
ЛОНДОН./BBC/. Амман дахь Израилийн элчин сайдын яам руу халдах үеэр Иорданийн нэг иргэн амиа алдаж, Израиль болон Иорданийн хоёр иргэн шархаджээ.

Иорданийн шархадсан хоёр иргэний нэг нь шархаа даалгүй нас барсан байна. Тэр хоёр хоёулаа тавилгын компанид ажилладаг ажээ. Тэд буудалцаан эхлэхийн өмнөхөн тус элчин сайдын яам руу орсон байна.

Халдлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа ба халдлагын шалтгаан ч мөн тодорхойгүй байгаа аж.

Амман дахь Израилийн элчин сайдын яам орон сууцны барилга дотор байдаг аж. Одоо тус ЭСЯ-ыг аюулаас хамгаалах албаныхан хамгаалалтандаа авсан ба ЭСЯ-ны ажилтнуудыг байрнаас нь гаргасан байна.

Израилийн эрх баригчид уг хэрэг явдалд ямар нэгэн тайлбар өгөөгүй ба энэ талаар мэдээлэл өгөхийг хоригложээ.

Хэрэг явдал болсон газрын ойролцоо байгаа ВВС-ийн сурвалжлагчийн мэдээлснээр, тус ЭСЯ байрладаг гудамжтай залгаа гудамжнуудыг хамгаалалтанд авсан ба эрх баригчид одоогоор  ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. 

Израиль болон Иордани улс 1994 онд энхийн гэрээ байгуулжээ.

Израилийн эрх баригчид Зүүн Иерусалимын Сүмийн овооны эргэн тойронд аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаснаас хойш хоёр орны харилцаанд сүүлийн өдрүүдэд үл ойлголцол үүсэх болжээ.

Баасан гарагт хэд хэдэн мянган иорданичууд хуучин Иерусалим хот руу очих замуудад  металл хайгч суурилуулах гэсэн Израилийн эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэн Амман хотод эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.

Иордани улс бол Иерусалим дахь лалын шүтээнийг хадгалдаг албан ёсны улс юм. Сүмийн овоон дээр лалын шашинтнуудын шүтээн газрууд болохш Аль-Акса лалын шашны сүм, Омарын сүм /Хадны ганжир/ оршдог байна.

7 дугаар сарын 14-нд Израилийн эрх баригчид дээрх сүмээс Израилийн иргэн хоёр араб хүн гарч ирээд Израилийн хоёр цагдааг буудан хөнөөсний дараа эдгээр сүм рүү очихыг эрс хязгаарласан юм.

Палестинчууд металл хайгчийг буцаан хурааж авахыг  Израилийн эрх баригчдаас шаардаж байгаа аж. 
О.Барс 

 

Холбоотой мэдээ