Хамгаалагч-робот усан оргилуур дотор унаж “амиа хорложээ”

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2017-07-19 08:59:05
ВАШИНГТОН./BBC/. Вашингтон хотын оффисын барилгуудын нэгэнд ажилладаг 136 кг жинтэй хамгаалагч-робот өөрийн анхаарал болгоомжгүйгээс болж усан оргилуур дотор унажээ.

1,5 м өндөртэй уг роботыг усан сангийн хажуугаар явж байсан хүмүүс олж анзаараад, түүний гэрэл зургийг авч нийгмийн сүлжээнд тавьсныг олон хүн шейрлэсэн байна.

Зарим хүмүүсийн үзэж байгаагаар, энэ тохиолдол нь 21 зууны технологийн үнэн төрхийг харуулж байгаа аж. “Бидэнд нисдэг машин зохион бүтээж өгнө гэж амлаж байсан боловч түүний оронд амиа хорлогч робот хийж өгчээ” гэж дээрх оффисын барилгад ажилладаг нэгэн хүн твиттер хуудсандаа хошигнонн бичжээ.

Хамгаалагч-робот усанд унасан нь Калифорни муж улс дахь Knightscope компанийн зохион бүтээсэн хамгаалалтын албаны роботуудад тохиолдож буй анхны бүтэлгүйтэл биш юм. Өнгөрсөн онд яг ийм нэгэн хамгаалагч-робот Цахиурын хөндий дэх нэгэн худалдааны төвд 16 сартай нярай хүүхдийг дайрч унагаад, дээгүүр нь гишгэж гарсан байна.  

Түүнээс гадна, энэ оны 4 дүгээр сард Калифорнийн 41 настай нэгэн эр хамгаалагч-роботод халдсаны учир баривчлагдсан аж. Тэрбээр тухайн үед согтуу байсан бөгөөд дараа нь ярихдаа “би өөрөө инженер хүн учраас туршилтын энэ роботын ажиллах чадварыг шалгаж үзэх гэсэн юм” гэжээ.

Х.Сарнай
 

 
Холбоотой мэдээ