Япон улс 2017 онд цөмийн 10 реакторыг ашиглалтанд оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-07-18 15:34:02
АСТАНА./TASS/. Япон улс 2017 он эцэс хүртэлх хугацаанд атомын цахилгаан станцын /АЦС/ 10 реакторыг ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай Японы цөмийн аж үйлдвэрийн чуулга уулзалтын ерөнхийлөгч асан Такуя Хаттори “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн хүрээнд болсон “Нүүрстөрөгчгүй эрчим хүч-ирээдүйн эрчим хүч” сэдэвт салбар хуралдааны үеэр мэдэгдсэн байна.

“Энэ оны сүүлч гэхэд бид 10 реакторыг ашиглалтанд оруулна гэж тооцоолж байгаа. Хүмүүс цөмийн эрчим хүч ямар чухал болохыг ойлгодог болсон” хэмээн тэрбээр хэлжээ.

Фүкүшимагийн АЦС-д осол гарахаас өмнө тус улсад 54 реактор ажиллаж байсан гэдгийг Т.Хаттори тэмдэглэн хэллээ. Осол гарахаас өмнө АЦС-ууд цахилгаан эрчим хүчний 30 хувийн үйлдвэрлэж байсан бол мөн ийм хэмжээний цахилгааныг хийнээс, 20 хувийг нүүрснээс, 10 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авдаг байжээ. Фүкүшимагийн ослын дараа энэхүү эрчим хүчний баланс алдагдсан ба одоогийн байдлаар тус улсад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг ердөө тавхан цөмийн реактор ажиллаж байгаа аж.

Гадаадаас импортолдог нүүрс болон хийний үнэ нэмэгдэж байгаа учраас Япон улс АЦС-ын үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. “Бид импортын нүүрс, хийнээс хамааралтай байгаа. Бид өдөрт 100 сая доллар, жилд 30 тэрбум долларыг гадаадаас нүүрс, хий худалдан авахад зарцуулж байна” гэж Хаттори ярьжээ.

2030 он гэхэд нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд АЦС-ын эзлэх хэмжээг 30 хувьд хүргэх зорилтыг Япон улс тавьж байгаа юм. 2030 он гэхэд АЦС-ын үйлдвэрлэж буй эрчим хүч нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй нийлээд 44 хувийг эзлэх болсноор CO2-ын ялгаруулах хэмжээг 2009 онтой харьцуулахад 26 хувиар бууруулах боломжтой болох ажээ.
О.Барс 

 

 



Подробнее на ТАСС:
http://tass.ru/ekonomika/4420580
Холбоотой мэдээ