Мао Зэдуны гар бичмэл 910 мянган долларын үнэд хүрчээ

Дэлхийд | Сонин хачин
adiyakhuu@montsame.mn
2017-07-12 10:30:28
ЛОНДОН./BBC/. Дуудлага худалдааны явцад Хятадын удирдагч асан Мао Зэдуны гар бичмэлийн цуглуулгыг анхны үнээс нь 10 дахин өндөр үнээр зарсан байна.

Гар бичмэлүүдийг 1975 онд бичсэн бөгөөд Маогийн бие муу байх үед түүнд юм уншиж өгч байсан нэгэн профессор тэдгээрийг хадгалж байжээ. Лондон хотод болсон Sotheby's компанийн дуудлага худалдаагаар гар бичмэлийг 704 750 фунт стерлинг буюу 910 мянган ам.доллароор борлуулсан байна.

Гар бичмэлүүдэд Хятадын сонгодог урлаг, яруу найргийн талаарх их удирдагч Мао Зэдуны үзэл бодол, дүгнэлтийг тусгажээ. Тэрбээр нас барахаасаа нэг жилийн өмнө үзэл бодлоо илэрхийлэн бичсэн байна. Түүний нүд харахгүй болсон учраас сонгодог уран зохиолын мэргэжилтэн Ди Лю гэдэг эмэгтэй түүнд ном уншиж өгдөг байсан аж. Удалгүй Маогийн бие улам муудаж ярьж ч чадахгүй болсон учир санаа бодлоо цаасан дээр буулгахыг Ди Лю түүнээс хүсчээ.

Мао Зэдун залуудаа Бээжингийн номын санд ажиллаж байсан бөгөөд сонгодог уран зохиолыг шимтэн уншдаг байжээ.

Дашрамд дурдахад, энэ оны эхээр Хонконгт болсон дуудлага худалдааны үеэр торгон дээр буулгасан Маогийн хөрөг зураг 11 сая доллароор зарагдсан гэнэ.
Г.Доржханд
 
 
Холбоотой мэдээ