“Kepler” дуран авай шинээр 219 гараг нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-06-21 10:35:45
МОСКВА./TASS/. Сансрын “Kepler” дуран авай шинээр 219 гараг нээсэн ба тэдгээрийн 10 нь хэмжээгээрээ Дэлхийтэй ойролцоо, амьдрал байх магадлалтай гарагууд аж. Энэ тухай даваа гарагт нийтлэгдсэн NASA-гийн хэвлэлийн мэдээнд дурджээ.

“Сансарт байрлах “Kepler” дуран авайн судалгааны багийнхан 219 шинэ өвөрмөц гарагуудын жагсаалтыг нийтэлсэн ба тэдгээр гарагуудын 10 нь хэмжээгээрээ Дэлхийтэй ойролцоо, “амьдрал бүхий бүсэд” оршдог. Өөрөөр хэлбэл, гарагийн газрын гадаргуу дээр ус шингэн хэлбэрээр байх боломжтой тийм зайд /одноос гараг хүртэлх/ оршиж байгаа юм” гэж мэдээлэлд дурдсан байна.

“Kepler”-ийн каталогт нийтдээ 4034 объект бүртгэгдсэнээс 2335 нь гарагийн ангилалд хамаарч байгаа ба үүнээс 30 орчим нь хэмжээгээрээ Дэлхийтэй ойролцоо, “амьдрал бүхий бүсэд” оршдог аж.

“Kepler”-ийг 2009 оны 3 дугаар сард хөөргөсөн ба уг дуран авай Нарыг 372,5 өдрийн давтамжтайгаар тойрдог байна. Уг дуран авай нь 150 000 орчим оддод ажиглалт хийх, тухайлбал, тэдгээр одод “анисхийх” тэр мөчийг нь буулгаж авах ёстой юм. Ингэж “анисхийх” нь уг дуран авай болон од хоёрын дундуур ямар нэгэн тэнгэрийн эрхэс, магадгүй гараг явж өнгөрсөн гэсэн үг юм.

“Kepler” дуран авай тойрог замд цаашдаа хоёр жил ажиллах боломжтой гэж NASA үзэж байгаа ба дараа нь түүний буухиаг "Жеймс Уэбб" сансрын дуран авай үргэлжлүүлэх юм. Саран дээр хүн буулгах ажиллагаа буюу “Аполлон” хөтөлбөрийн удирдагчийн нэрээр нэрлэгдсэн энэхүү шинэ аппаратыг 2018 онд тойрог замд гаргах ажээ.
О.Барс 

 

 

Холбоотой мэдээ