Орон нутгийнхаа баялаг бүтээгчдийг дэмжсэн заалт оруулахыг санал болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-11 12:33:46

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын зөвлөлийн 3-р хуралдаанаар Архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр зөвшөөрөл олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн журмын талаар авч хэлэлцсэн байна.

Тодруулбал “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих” журманд хэд хэдэн заалтыг нэмж оруулахаар болжээ. Үүнд:-Татварын ерөнхий хуулийн биелэлт болон, Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 197 тоот албан бичгийн хэрэгжилтийг хангах зорилготой “Сүүлийн нэг сарын дотор үйлчилсэн 3-аас доошгүй НӨАТ-ын сугалаатай баримт хавсаргах”. Мөн “Татварын байгууллагаас ямар нэг албан бичгээр сануулга, зөрчил шийдвэр аваагүй байх” заалтуудыг нэмэх. Түүнчлэн Сэлэнгэ аймгийнхаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж, баялаг бүтээж буй үйлдвэрлэгчдийг дэмжиж хэрэглэгчдэд илүү өргөн хүрээнд хүрэх боломжийг нээж өгөх. Эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх зорилготойгоор “Аж ахуйн нэгж нь нийт бараа бүтээгдэхүүнийхээ 30-аас доошгүй хувийг Сэлэнгэ аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр борлуулалт хийж, орон нутгийн баялаг бүтээгчдийг дэмжсэн байна” гэсэн заалтыг нэмж оруулах санал тавигдлаа.

Эдгээр саналуудыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр өгчээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ