Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлын талаар хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-08 23:21:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд хамгаалал”-ын асуудлаар Сэлэнгэ аймгийнхан зөвлөлдлөө.

Зөвлөлгөөнд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын Засаг дарга нар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар болон даатгалын компаниудын төлөөлөл, мөн уяачид, уралдаанч хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд оролцсон байна.

Олон талын бүрэлдэхүүнийг хамруулсан энэ удаагийн зөвлөгөөний хэлэлцэх гол асуудал нь хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд хамгаалал, цаашид анхаарах асуудлууд байлаа. Хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, амь насны асуудал хурцаар яригдах болсон энэ үед Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, аймгийн Морин спорт уяачдын холбоо, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд хамгаалал” сэдвээр ийнхүү энэ сарын 7-ны өдөр зөвлөлдлөө.

Хурдан морины уралдаан нь Монголын ард түмний төрт ёсны үнэт баяр цэнгээн байх уламжлалтай аж. Гэвч сүүлийн үед энэхүү хэв маягаасаа хазайж илүү өргөн цар хүрээтэй болгох зорилгоор зөвхөн зун биш өвөл, хавар уралдаан зохиох болжээ. Энэ байдал нь эрсдэл дагуулж, хүүхэд унаж бэртэх, хөлдөж гэмтэх тохиолдол гарч байгаа тул олон улсын байгууллагууд болон монголын ард түмэн анхаарлын төвд очоод байгаа юм. Энэ оны эхний улирлын байдлаар Сэлэнгэ аймгийн 9 суманд хурдан морины уралдааныг 11 удаа зохион байгуулжээ. Эдгээр уралдааны нэг нь аймгийн Засаг даргын захирамжаар, хоёр нь сумдын Засаг даргын захирамжаар зохиогдсон аж. Гэтэл бусад уралдаанууд нь огт зөвшөөрөлгүй явагдсан байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ