Дөрвөн км газраас зуу гаруй шуудай хог түүж, зайлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-04-05 23:34:36

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын ЗДТГ-ын болон тус сумын 18 багийн нийт ажилтан албан хаагчид Дархан хотын “Дөчийн пост”-оос “Дархан хаалга” хүртэлх дөрвөн км авто замын дагуух замын хаяа жалгыг цэвэрлэж, 40 килограммын багтаамж бүхий 100-аад шуудай хог түүж “Хогийн цэг”-т хүргэв.

Дархан сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун: “Манай сумын тамгын газрын ажилтнууд болон бүх багийн иргэд хог цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцлоо. Энэ удаа бид Дархан-Улаанбаатарын чиглэлийн шулуун авто замын дагуух дөрвөн км замыг цэвэрлэж байна. Иргэд хот хооронд зорчихдоо ууж хэрэглэсэн ус ундааны сав, архи пивоны шил, лааз, хоол хүнсний уут, баглаа боодол зэргээс гадна ариун цэврийн цаас, эмэгтэйчүүдийн хэрэглэл, хүүхдийн памперс зэргийг ил задгай хаях нь их байна. Хагас зуун жил өнгөрсөн ч газрын хөрсөнд шингэж задардаггүй химийн нэгдэл бүхий хортой хог хаягдлуудыг ингэж ихээр хаяж байгаа нь байгаль дэлхийгээ бохирдуулаад зогсохгүй өөрсдийн эрүүл мэнддээ үнэлж болшгүй сөрөг үр дагавар авч ирэх эрсдэлтэй гэдгийг анхаармаар байна. Өнөөдөр нэг нь цэвэрлэсэн ч маргааш нөгөө нь хогоо хаясаар байх ёстой гэж үү? Тиймээс өөрийн, өрөөлийн, эх орныхоо “Эрүүл хөгжил”-ийн төлөө хогоо ил задгай бүү хая гэж уриалж байна. Хаврын салхи шуурга дэгдэж хуурайшилт эхэлсэн энэ үед элдвийн халдварт өвчний тархалт ихсэх хандлагатай байдаг. Тухайлбал дэгдэлт нь идэвхжилттэй байгаа Менингококкт халдварын тархалт нэмэгдэх эрсдэлтэй нөхцөл байдал үүсч  болзошгүй байгаатай холбогдуулж уг өвчний халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай аймгийн Засаг даргын албан даалгавар, Дархан сумын Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу менинкоккт халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах зорилгоор Дархан суманд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгж, их дээд, ерөнхий боловсролын сургуулиуд болон СӨБ-ын байгууллагууд дотроо болон гадна 50 м талбайд халдваргүйтэл, цэвэрлэгээг хийх үүрэг даалгавар өгөөд байна” гэв.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ