Уул уурхайн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-08 10:26:21

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шүфанийг өчигдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр сайд Г.Дамдинням Монгол, Канадын иж бүрэн түншлэлийн харилцаа ардчилал, хүний эрх, хуулийн засаглалыг дээдэлдэг нийтлэг үнэт зүйлд тулгуурладаг болохыг онцолж, Канад Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, уул уурхайн салбар дахь тэргүүлэх хөрөнгө оруулагчдын нэг гэдгийг дурдав. Тэрбээр 2015-2024 онд Монгол Улсад хийсэн нийт гадаадын хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь уул уурхайн салбарт ногдож буйг тэмдэглээд “Оюу толгой” төсөл Монголын эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхэд оруулж буй хувь нэмэр, үр өгөөжийг онцоллоо. Мөн Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степп гоулд”, “Эрдэнэ Монгол” компанийн төслүүд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэв.


Элчин сайд Сандра Шүфани хоёр орны уул уурхайн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлэв.


Мөн сайд Г.Дамдинням цаашид Монгол Улсын Их Хурал болон Засгийн газраас хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг олон улсын стандартын дагуу хамгаалах, хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой үүсч болзошгүй маргаан, зөрчлийг шударга, үр нөлөөтэй, шуурхай шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд онцгой анхаарч ажиллахаа энэ үеэр онцоллоо.

 

Холбоотой мэдээ