СЭЛЭНГЭ: Цагааннуур алдарт Буган халиун хурдан хүлгийн туурайн тоос боссон нутаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-08 12:00:03

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол даяар алдар нь түгсэн хурдан хүлгүүдийн нэг бол Эрдэнэвангийн Буган халиун юм. Буган халиун хязаалан нас хүртлээ нутагтаа уралдсан бөгөөд хязаалан насанд нь Богд эзэн хаанд өргөн барьснаас хойш түүний нэр дээр уралдаж эхэлжээ.

 

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум алдарт Буган халиун хурдан хүлгийн туурайн тоос боссон нутаг юм.


Тодруулбал, Алдарт хурдан хүлэг Буган халиун Их шавийн ноён Номун ханы отгийн баян Гончиг даамлын хүү Буян заан хэмээх хүний адуун сүрэгт төржээ. Энэ нутаг нь одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум юм.

 

Буган халиун бүрэн бус мэдээгээр даншиг наадамд 10 гаруй удаа, бусад наадамд хорь гаруй удаа түрүүлсэн гэдэг.

 

Буган халиун хүлэг нь хурдан морины бүх шинжийг өөртөө багтаасан зорсон шагай шиг хүлэг байсан тухай аман домог олон дамжин ирсэн байдаг.

 

Тэрээр нас ахисан үедээ төрөлх нутагтаа тэмцэн хахир хавраар гүйж яваад одоогийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт хүрч, сульдаж ядрахын үедээ баян Гомбожав хэмээх айлын уяан дээр ирж зогсоод, босоогоороо амьсгал хураажээ. 

 

Түүнийг таньсан нутгийн олон ихэд харамсан түүний толгойг хүндэтгэн залж төрөлх нутаг Товхонхан уулын их овоон дээр хүргэж тавьсан гэсэн домог яриа байдаг.

 

Буган халиун ажнайн хөшөөг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын төвд босгосон бөгөөд аймгийн Морин спорт уяачдын холбоог “Буган халиун” уяачдын холбоо хэмээн нэрлэж, түүнийг алдаршуулсан байна. 

Холбоотой мэдээ