СЭЛЭНГЭ: А.Энхтуул Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-08 10:13:29

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Олон улсын шатрын их мастер, Монгол Улсын 25 дахь аварга, дэлхийн шатрын холбооны Глобал бодлогын зөвлөлийн гишүүн А.Энхтуул баяр наадмын босгон дээр оюуны спортоор Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм алдрыг хүртлээ.

 

Алтанбулаг суманд төрж өссөн тэрбээр 9 настайдаа анхны шатрын нүүдлийг "Төр Монгол" шатрын клубт сурч, 10 настайдаа тус спортоор эрчимтэй хичээллэн эхэлж улмаар 11 насандаа Улаанбаатар хотын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцон хүрэл медаль хүртэж, шатрын спортын замнал нь эхэлжээ.

 

Түүний тухайд оюуны спортын анхны гавьяат гэсэн хүндтэй цолыг Сэлэнгэ нутагтаа авч ирсэн төдийгүй Монгол Улсаас төрсөн 3 дахь, Сэлэнгэ аймгаас төрсөн анхны эмэгтэйчүүдийн "Олон улсын шатрын их мастер" цолтон гэдгээрээ онцгойрч байгаа юм.

 

Түүний багш П.Жигжидсүрэн нь ОХУ-ын Биеийн тамирын их сургуулийг шатрын дасгалжуулагч мэргэжлээр төгссөн тавхан монгол хүний нэг гэдэг.

 

А.Энхтуул нь 13 настайдаа Монгол Улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 3 дахь удаагаа шалгаран оролцохдоо тус тэмцээний хамгийн залуу 2 оролцогчийн нэг байсан хэдий ч Монгол Улсын шатрын дэд аварга болсноор түүхэн амжилтыг бүтээж, 38 дахь Дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхээ авч 14 настайдаа Монгол Улсын шатрын шигшээ багийн хамгийн залуу тамирчин болон 3-р ширээнд өрсөлдөхдөө нийт 11 өргөөс нэг ч өнжилгүй тоглож, багтаа чухал үүрэг гүйцэтгэж байжээ.

 

Дэлхийн шатрын олимпиадыг 2 жилд нэг удаа зохион байгуулдаг Дэлхийн шатрын холбооны хамгийн том тэмцээн бөгөөд шатарчдын хувьд олимпын тэмцээнд тооцогдох бөгөөд улс бүр хамгийн шилдэг шатарчдаа илгээдэг байна.

 

Шатарчин хүн бүрийн мөрөөдөл болсон шатрын олимпиадад 14 настайдаа маш амжилттай оролцсон А.Энхтуул Монголын шатрын түүхэнд бичигдэх амжилтын эздийн нэг болсон юм.

 

Мөн түүний шавь нараас 2019 онд Зүүн Өмнөд Азийн өсвөрийн шатарчдын аварга төрж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн олон амжилттай шавь нарыг бэлтгэж эхэлжээ.

 

Тэрбээр 2020 онд Дэлхийн шатрын холбооноос зохион байгуулсан Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагчийн семинарт оролцож, уламжлал болсон 3 үе шаттай шалгалтуудыг амжилттай өгч, 25 настайдаа Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч хэмээх эрхэм цолны болзлыг хангасан юм. 

Холбоотой мэдээ