“Хермес” худалдааны төвийн нүхэн гарцыг түлхэж оруулах технологиор барьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-23 17:07:13

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замтай огтлолцохгүйгээр шийдэх зорилтын хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барих ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.  


НЗДТГ-ын мэдээлснээр, Хермес төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарц их биеийн бэлтгэл ажил хийж байна. Уг төмөр замын суурь бүтцийн доогуур түлхэх технологиор байрлуулж буй юм. Нийт 10 нэгж талбараас дөрвийг нь чөлөөлж, зургаан нэгж талбарт ААН-тэй зөвшилцөх шатандаа байгаа аж. Энэхүү нүхэн гарцын их биеийн цэвэр хэмжээ 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байна. Тухайлбал, урьдчилан цутгасан 2200 тонн жинтэй туннелийг 500 тонны даацтай найман ширхэг домкрат, 76 литрийн тосны насос бүхий хоёр иж бүрдэл төхөөрөмжийн тусламжтай түлхэж буй. Ажлын суурийг C25 маркийн төмөр бетон материалаар цутгаж, 4 метрийн өргөнтэй гулсах тавцан дээр уг ажлыг гүйцэтгэж байна. Нийт 46.8 метрийн урттай туннелийг түлхэхээс өнөөдрийн байдлаар 28 метрийг түлхэж дуусгажээ.


Энэ технологийг Монгол Улсад анх удаа нүхэн гарцын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа юм. Төслийг 2026 оны 7 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж, ашиглалтад оруулснаар тухайн орчмын авто замын түгжрэлийг 10 гаруй хувиар бууруулах тооцоолол гарчээ. Нүхэн гарцын төслийг Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, Нарны зам, Их хүрээний гудамж зэрэг дөрвөн байршилд хэрэгжүүлж байгаа ажээ. 


Холбоотой мэдээ