ДАРХАН-УУЛ: Мод үржүүлгийн чиглэлээр ажиллах иргэн, ААН нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-05-08 17:01:32

Дархан, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөр, бүх нийтээр мод тарих өдрүүдийн хүрээнд мод, бутны тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа Дархан захын өмнөх талбайд болж байна.


Өнгөрсөн хугацаанд буюу 2022 оноос аймгийн хэмжээнд 915.916 ширхэг мод, модлог ургамал тарьж ургуулжээ. Тарьсан модны ургалтын тухайд 85 хувьтай байгаа бөгөөд хашаалсан орчинд, усалгаа, арчлалт хамгаалалтыг иргэн, ААНБ-ууд тогтмол хийж байна гэв.




Аймгийн хэмжээнд мод үржүүлгийн 27 иргэн, ААНБ-д 2.5 сая тарьц, суулгацын нөөц байгаа судалгаа гарчээ. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад 87 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Жилд тарих модны тарьц, суулгацыг Дархан-Уул аймаг дотооддоо бүрэн ханган ажиллаж байна.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага 2020 оныхтой харьцуулахад 52.5 хувиар нэмэгджээ.





Түүнчлэн тарьц, суулгац, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд ААНБ-ын тоо нэмэгдсэн байна. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн эхлэхэд Домогт Шарын гол ХХК, Алд дэлгэм ХХК, Моностой нөхөрлөлүүдэд модны үр, суулгац төвлөрч байсан бол өнөөдрийн байдлаар зургаан ААНБ, дөрвөн иргэн үзэсгэлэн худалдаанд оролцож байна.


Үзэсгэлэн худалдаанд оролцож амжаагүй ч хувиараа мод үржүүлгийн чиглэлээр ажиллаж, тарьц суулгац худалдан борлуулж буй иргэд олон бий гэдгийг аймгийн Байгаль орчны газраас онцолж байна.


Мод тарихад хамгийн нэгдүгээрт модоо зөв сонгох нь чухал гэдгийг тарьц, суулгац авч буй иргэдэд мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгч ажиллаж байна. Үзэсгэлэн худалдаанд ирснээр мод авахаасаа өмнө хаана, ямар мод тарих, хэрхэн сонгох, арчлах талаарх зөвлөгөө мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч тарих нь үр дүнтэйг онцолж байна.

 

Холбоотой мэдээ